Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сурагчдаас 40 сая төгрөг харамласан мөртлөө  200 сая төгрөгөөр машин авахаар улайрчээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сурагчдаас 40 сая төгрөг харамласан мөртлөө  200 сая төгрөгөөр машин авахаар улайрчээ

-Ц.БАТ-ЭРДЭНЭ: ЗАСАГ ДАРГЫГ ШҮҮМЖЛЭЭД НАМААСАА ХӨӨГДСӨН-

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Өвсний үндэс” хөтөлбөрийн мөнгөөр ажилчдаа АНУ-д зугаалуулсан баримт өнгөрөгч зургадугаар сард дэлгэгдэж байв.  Мөн ойрхондоо түүнийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл Н.Наранбаатартай холбоотой бас нэгэн ноцтой мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ олон нийтэд дэлгэв.

Тодруулбал, Засаг дарга Н.Наранбаатар нь аймгийнхаа сургуулийн сурагчдаас 40 сая төгрөг харамласан мөртлөө ТАТВАРЫН ХЭЛТСИЙНХЭЭ ДАРГАД зориулж татвар төлөгчдийн 200 сая төгрөгөөр машин авч өгөх асуудлыг бүлгийн хурал дээрээ танилцуулж, баталж өгөхийг гишүүддээ үүрэгдсэн байна.

Хоёрдугаар сургуулийн захирал н.Гэрэлт-Од нь сургуулийнхаа нэг танхимыг тохижуулахад шаардлагатай 40 сая төгрөгийг төсөвлөж өгөхийг маш удаан хугацаанд аймгийнхаа удирдлагуудаас хүсчээ. Гэтэл хүүхдүүдийн хөгжилд мөнгө өгөөгүй мөртлөө хурган даргадаа зориулж өндөр үнэтэй машин авах гэсэн Засаг даргын энэхүү үйлдлийг намын зарим гишүүн нь шүүмжлэхэд намаас нь хөөнө хэмээн дарамталжээ.

Түүний дарамтанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнэ өртөж МАН-аас хөөгдсөн байна. Мөн татварын хөрөнгийг төсөвт оруулахаа болчихье ч гэж сүрдүүлсэн байна.  

Энэ талаар ИТХ-ын дарга Ц.Бат-Эрдэнээс тодруулахад “Би 1998 оноос хойш МАН-ын гишүүнээр ажилласан. Энэ намын олон мянган дэмжигч гишүүнтэй урт удаан хугацаанд үзэл бодлоороо нэгдэж ирлээ. Намын үүрийн ажилтнаас эхлээд даргын албыг хүртэл хашсан. Нам дотор ардчилал байх ёстой. Засаг даргын буруу үйлдлийг шүүмжилсний төлөө намайг намаас хасах тогтоол гаргасан. Ингэснээр би Өмнөговь аймгийн МАН-ын гишүүнд харъяалагдах боломжгүй боллоо. Гэхдээ намын үзэл бодол минь хэвээрээ. Энэ бол намын даргатай холбоотой асуудал. Би урвагч гэдэг нэрийг зүүсэн байдалтай байна. Би цаашид намын гишүүн байхын тулд Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороонд гомдлоо гаргана” гэсэн юм.

Сүүлийн үед Өмнөговь аймгийн удирдах байгууллагад төрийн ажлын чадамж алдагдсан талаар олон хүн хэлдэг. Тодруулбал, жил, жилийн төсвийг батлахдаа үргүй олон ажилд татвар төлөгч ажилчдын мөнгийг зарцуулдаг өөрөөр хэлбэл тансагладаг. Цаашлаад ИТХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн материалын танилцуулгыг хийдэггүй, намын гишүүд нэгдсэн байр сууриар асуудлыг шийдвэрлэнэ гэх малгайн дор буруу, зөв  ч асуудлыг олноороо дэмждэг байдал хавтгайрсан байна.

Тухайлбал, жил бүрийн аймгийн төсөвт 180-200 сая төгрөгийг Засаг даргын тамгын газрын засвар үйлчилгээ, тохижилт үйлчилгээнд гэж баталдаг байжээ. Үүнийгээ нэгдсэн байр, сууриар шийднэ хэмээн ярьж баталдаг байсан талаар Ц.Бат-Эрдэнэ дарга ярьж байна.

Т.ЭНХЭЛЭЭ