Ё.Баатарбилэг: Драм, дуурь, номын сангийн барилгыг нураахгүй, засвар хийнэ

Ё.Баатарбилэг: Драм, дуурь, номын сангийн барилгыг нураахгүй, засвар хийнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэр дундаа сурагчдын амралт, драм болон дуурийн театрын барилгыг нураах эсэх зэрэг асуудлуудад хариулт өгч, мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр "Сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах шийдвэр гаргасан. Хичээл энэ сарын 20-ны өдрөөс эхэлнэ.  Дөрвөн аймаг амралтыг сунгах хүсэлт гаргасан. Энэ жил Улаанбаатарт утаа буурсан учраа агаар, орчны бохирдолтой холбоотой холбоотой өвчлөл харьцангуй багассан. Харин олон улсад дэгдээд байгаа В төрлийн вирус гэсэн байх аа, ноцтой томуу гарсан. Тийм учраас амралтыг сунгасан. 

Драмын болон УДБЭТ, Төв номын сангийн барилгыг нураах тухай яриа гараад байна. Би өнгөрсөн оны аравдугаар сард Байгалийн түүхийн музейд очихдоо УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгын шинэчлэлийг зогсооё. Бараг л барилгыг нь нураагаад, газрыг нь зарж идэх гэж байгаа мэтээр гүтгэн гуйвуулж, маш их улстөржүүлсэн. Суулт, тэмцэл өрнүүлж байсан. Тиймээс барилга шинэчлэх ажлыг зогсооно гэж мэдэгдэл хийсэн. Энэ байр сууриндаа хэвээрээ байгаа. 

Тэр үед соёлын салбарынхан хэвлэлийн хурал хийж, манай салбарт хийх шинэчлэлийг зогсоомооргүй байна гэдэг хүсэлт тавьсан. Одоо бид УДЭТ-т 2, ДБЭТ-т 2, Төв номын санд 2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгсөн. Энэ мөнгөөр гурван барилгыг шинэчилж, засварлана. 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Энэ ойгоос өмнө засварлана. Мөн тухай байгууллагуудаас хөгжим, техник шинэчлэх, сандал суудлаа өөрчлөх хүсэлт их ирж байсан. Тиймээс засварлах хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж өгсөн.  Тайван амгалан байж болно, энэ гурван барилгыг нураахгүй. Сонгууль дөхөж байгаа болохоор улстөржсөн мэдээлэл маш их гаргаж байна. Үүнийгээ боль.

Маш олон жил соёл урлагийн байгууллагуудад төсөв мөнгө өгөхгүй, засаж шинэчлээгүй байсан. 2020 онд төсөвт мөнгө суулгаад, засаж шинэчлэх гэж байна. Энэ ажлыг маань хийлгээд өгөөч ээ" хэмээлээ.   Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. 

-6 тэрбум төгрөгөөр гурван барилгыг зассанаар хэр удаан хугацаанд ашиглах боломжтой вэ?

-Бид аль болох сайн засвар хийх ёстой гэж үзэж байгаа. Драм, дуурийн театрууд засвар хийлгэе гээд засварын зураг өгсөн юм билээ. Манай хөрөнгө оруулалтын газрынхан тэр зургуудад үнэлэлт, дүгнэлт хийнэ. Хэр зураг удаан хугацааны баталгаатай засвар хийх нь вэ гэдгийг ажлын зургаараа тодорхойлох байх. Аль болох маш сайн засвар хийх ёстой. 

-Засвар хийгээд л шинэчлэх ажил нь зогсох юм уу. Эсвэл яваандаа шинээр барих уу?

-Хэрвээ улсын төсөв боломжтой байвал цаашид шинэчлэх ажлыг ярина. Дэлхийн түвшний техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийнэ гэвэл жил болгон л хөрөнгө мөнгө шаардлагатай. Бид эхний ээлжинд "Чингис хаан" музей, Байгалийн түүхийн музейн барилгаа барьчихъя.  Засгийн газар нэг зорьсон ажлаа хийе. Байгалийн түүхийн музейн барилгын ажил энэ жил эхэлнэ.  Би маргааш, нөгөөдөр драм, дуурийн театрт ажиллана. Ямар засвар, шинэчлэл хэрэгтэй байна. Саналыг нь сонсоно. Ямар ч байсан 2021 он гэхэд сайхан болгоно.