ОХУ-ын Хиагтын шалган нэвтрүүлэх боомт дахь улсын байцаагчид Монгол Улсаас ОХУ-ын чиглэлд зорчиж буй автомашинд шалгалт хийж, тус улсын мал эмнэлгийн хууль тогтоомж зөрчсөн бараа тээвэрлэж байсныг илрүүлжээ.
Энэ талаар Бүгд Найрамдах Буриад Улс болон Эрхүү муж дахь Россельхознадзорын захиргаанаас “ОХУ-ын иргэн Монголоос дөрвөн кг сүүн бүтээгдэхүүн тээвэрлэж байсныг Хиагт боомтын байцаагчид хураан авч, Монгол руу буцаажээ. Харин ОХУ-ын иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэсэн” гэж мэдээлэв.
Сүү, сүүн төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас ОХУ-д импортлохыг хориглодог байна. Учир нь манай улсыг эпизоотийн асуудалтай орон хэмээн үздэг аж. Иймд дээрх үйлдэл нь ОХУ-ын Гаалийн холбооны комиссын 2010 оны зургадугаар сарын 18-ы өдрийн 317 тоот шийдвэрээр батлагдсан Евроазийн эдийн засгийн холбооны улсын хил, нутаг дэвсгэрт мал эмнэлгийн хяналт явуулах нэгдсэн журмын тухай журмыг зөрчсөн үйлдэл болжээ.