УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас өнгөрсөн оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улс буюу "саарал жагсаалт"-д Монгол Улсыг оруулснаа мэдэгдэж, тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм. Уг төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах зөвлөмж өгчээ. Тиймээс дээрх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.