Шарк Д.Энхтүвшин МАН-аас УИХ-д нэр дэвшинэ

2020-01-09 13:49

Шарк Д.Энхтүвшин “Улс төрд орохгүй” гэж мэдэгдэв

"М Си Эс" группийн дэд Ерөнхийлөгч, "Шарк Танк" нэвтрүүлгийн шарк гэдгээрээ олонд танигдсан Д.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин Дорнод аймагт өрсөлдөхөөр зэхэж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгвэл тэрээр “улс төрд орохгүй” гэж өөрийн нүүр хуудастаа мэдэгджээ.

ТЭРЭЭР:

Улс төрд орохгүй гэдгээ дахиж хэлье гэж бодоод. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог. 1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан.

Миний сонголтыг тухайн үед зарим хүмүүс компанийн сонголт гэж бодон янз бүрийн дарамт ирж байсан учир Оджаргал захирал компани, улс төр 2-ийнхоо аль нэгийг сонго гэсний дагуу тэр дор нь улс төрийн бүх сонгуульт ажлуудаасаа татгалзаж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан гэж боддог.

Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улс төрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг.

Анх ажилд ороход манай компани 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо бид 10’000 -уулаа болж өдөрт 1 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 50’000 өрхийг дундаж давхаргад тогтвортой байлгахын тулд хичээж байгаа нь нийгэмд бодитой, том хувь нэмэр гэж боддог.

Мөн нөгөө талаас улс төр бол жоохон хүмүүсд танигдаад ирэхээрээ эсвэл мөнгөтэй болохоороо дуртай нь шууд өөр салбараас үсэрч ордог салбар биш санагддаг. Их цаг хугацаа, золиос шаарддаг. Хэдэн улс төрч солигдсноор биш хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлого, эдийн засгийн бат суурь, нийтийн ухамсар дээшилснээр улс маань илүү хөгжинө гэж боддог" гэжээ. 

2020-01-09 11:52

Шарк Д.Энхтүвшин МАН-аас УИХ-д нэр дэвшинэ

"М Си Эс" группийн дэд Ерөнхийлөгч, "Шарк Танк" нэвтрүүлгийн шарк гэдгээрээ олонд танигдсан Д.Энхтүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохироогоо хийжээ. Тэрээр Дорнод аймагт өрсөлдөхөөр зэхэж байгаа юм байна.

Ингэснээр МАН Хөгжлийн банкны захирал, шарк Г.Амартүвшин, Д.Энхтүвшин, Гавьяат эмч Ж. Чинбүрэн нарыг УИХ-д нэр дэвшүүлэх нь тодорхой боллоо.