Өмнөд Солонгосын ТикТок од, Youtuber Со Вон Жүн Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгагдаж байна
Сөүлийн цагдаагийн газраас нэр бүхий хоёр эрэгтэйг “Бэлгийн хүчирхийллийн хэрэг”-т буруутгаж, баривчилсан хэрэг энэ оны аравдугаар сарын 12-нд /2023.10.12/ болсон. Цагдаагийн байгууллагаас албан ёсоор тэдний нэрийг олонд зарлаагүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Со Вон Жүнг-ийн зургийг бүрсийлгэж, “Интернэт орчинд олон сая дагагчтай, 27 настай нэр бүхий залуу бэлгийн хүчирхийллийн хэргээр байцаагдаж байна” гэж мэдээлж эхэлсэн. Улмаар тус олон сая дагагчтай, нөлөөлөгч бүхий хүн нь олны дунд “Mama guy” гэж алдаршсан Со Вон Жүн болох нь батлагдсан байна.
Тэрээр “Youtube” хуудаснаа 10 сая гаруй, ТикТок хуудаснаа 55 сая гаруй дагагчтайгаас гадна “Дэлхийн хамгийн олон дагагчтай ТикТок одууд”-аас 17-рт бичигддэг нөлөөлөгч залуу юм. Түүнийг энэ оны долдугаар сард өөрийн эрэгтэй найзтайгаа нийлж хамт явсан өөр нэг эмэгтэй найзыгаа ухаангүй болтол нь согтоогоод, ухаан ортол нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр баривчилжээ. Сөүлийн цагдаагийн газар эл хэргийг прокурорт шилжүүлсэн бөгөөд хэрэв түүний бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдвол долоо хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх аж. Хэргийн анхан шатны шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 17-нд товлогдсон байна.