Тэтгэвэр барьцаалсан зээлийг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүдээс гаргасан санал олны дэмжлэгийг аваад байна.
Тодруулбал, УИХ-ыг гишүүд “Ахмадуудын зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж байна. Гэтэл зээл аваагүй 192 мянган ахмадыг ялгаварлаж хоосон үлдээж болохгүй. Төр эрх тэгш байх зарчмыг баримталж, зээл аваагүй 192 мянган иргэндээ хайр хишгээ хүртээх ёстой” гэсэн байр, суурийг илэрхийлсэн байгаа юм.
УИХ-ын гишүүд олноор дээрх саналыг гаргаж байгаа учраас МАН-ын бүлгийн Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг болон ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг тэтгэврийн зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас тэгш хүртээх боломжийн талаар судалж, ярилцаж эхэлжээ.
Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол чуулганы хуралдааны үеэр
“Зээл аваагүй 192 мянган иргэнд бондын хувь хэлбэрээр эрхийн бичиг өгөх боломжийг судална. Ажлын хэсэг дээр зээл авсан хүмүүсийн 90 хувь нь зургаан сая төгрөгийн зээл авсан байна. 21 мянга гаруй иргэн 7-30 сая төгрөгийн зээл авсан байна. Тиймээс зургаан саяыг нь төр төлөөд үлдсэнийг нь өөрөөр нь төлүүлэх байр суурь барьж ажиллаж байгаа" гэсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр ярилцаж байгаа аж. Хэрэв шийдэгдвэл сар бүр 100 мянган төгрөгийг тэтгэвэр дээр нь нэмж өгөх журмаар шийдэгдэх ажээ. Гэхдээ дээрх асуудлуудын аль нь ч эцсийн байдлаар шийдэгдээгүй бөгөөд байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх явцад өөрчлөгдөж ч болох юм.