Бид энэ удаагийн “Social ID” буландаа бодлого гаргагчдын шийдвэрийг хоржоонтой шүүмжилж, нийгэмд өөрийн үзэл бодлоо илэрхийлж олны анхаарлыг татаад буй Б.Мөнхжаргалыг урьж, ярилцлаа. Түүний хувьд 14 жил телевизийн салбарт ажиллаж, өдгөө хувиараа чөлөөт уран бүтээл хийж байгаа аж. Тэрбээр “Бид дархлаа суугаад л амьдарч байгаа болохоос манай хотод гаднынхан ирээд нэг өвөл үзэхэд л үхнэ байх. Ер нь Монголын ард түмэн бид энэ удирдлагуудад ямар өртэй гэж туршилт болдог юм. Бүх л зүйл нь буруу. Дандаа л ард түмнийхээ эсрэг байгаад жаахан бухимдалтай, гомдолтой явдаг иргэн байна”хэмээн өөрийгөө илэрхийлсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
Сайн байцгаана уу. Намайг Б.Мөнхжаргал гэдэг. Би маркетингийн удирдлагын мэргэжил эзэмшсэн. Мөн Кино урлагийн дээд сургуулийг Тайз, дэлгэцийн найруулагчаар төгссөн. Төгсөөд МҮОНРТ-д нийт 14 жил ажилласан. Энэ хугацаанд продюсер, найруулагч, хөтлөгчийн ажил хийж байсан. Харин сүүлийн таван жил хувиараа чөлөөт уран бүтээл хийж байгаа. Тухайлбал, маркетингийн агентлаг, медиа студи, PR зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Шог хошин маягаар шүүмж бичлэг хийдэг шүү дээ. Бичлэг хийх санаа анх яаж төрөв. Анхны бичлэгээрээ юуг шүүмжилж байв?
Утаа, түгжрэл гээд хаа сайгүй стресс байна. Ер нь манай удирдлагуудын гаргаж буй шийдвэр, хийж байгаа ажил нь дандаа алдаатай, бүтэхгүй, ард түмнийг ёжилсон байдалтай байна. Тиймээс эдгээрийг сөргөөр биш эергээр шүүмжилье гэж бодсон. Анх хөл хорионы үеэр Д.Сумъяабазар дарга нэг захирамж уншихдаа “хаалт нээгээд, хаалтаа хаагаад” гэж уншиж байсан. Тэрийг үзэж байгаад анхны бичлэгээ хийж байсан.
-Мөн таны хийсэн усан тээврийн тухай шүүмж видео олон нийтэд их хүрсэн. Тухайн бичлэгийг яагаад хийх болов. Үзэгчдийн сэтгэгдэл ямар байсан бэ?
-Өнгөрсөн зун орсон их борооны улмаас Сэлбэ гол хальж 13 дугаар хороолол орчим тэр чигтээ үерт автсан шүү дээ. Тэгээд бодсон юм. Нөгөө Сумъяабазар даргын “усан тээврийг хөгжүүлж завиар явах боломжтой болно” гэж ярьж байсан нь санаанд ороод өөрт байгаа завийг ашиглаж зам дээр хөвж үзье. Хаана хүртэл явах бол гэж бодоод байж байсан маш их үер болсон. Тэгээд л завиа аваад бичлэг хийж байсан. Бичлэгийг манай фейсбүүк найзууд түгээж маш олон хүн үзсэн байна лээ. Гудамжаар явахад хүмүүс “нөгөө завьтай ах байна” гэдэг болсон байсан. Бас янз бүрийн сайтууд бичлэгийг маань өөрсдийн хуудастаа тавьсан байсан. Бичлэг нь доорх сэтгэгдлүүдийг уншихаар зарим нь “ямар хийх юм аа олж ядсан юм, яасан завтай юм” гэсэн бол зарим нь “зөв шүүмжлэл байна” гэж бичсэн байдаг. Надад бол бичлэг хийх маань таалагддаг бид болохгүй бүтэхгүй зүйлсийг шүүмжилж өөрсдийн дуу хоолойг олонд хүргэх нь зөв санагддаг.
-Харин баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл канкийгаар гулгадаг бичлэгийн хувьд?
-Багадаа бид эсгий гутлын гадуур дээр канкий боогоод гулгадаг байсан шүү дээ. Тэгээд тэгж гулгамаар санагдаад байж байсан нэг залуу хоккейн хувцастай, канкийтай явж байгаа бичлэгийг хараад бүтэн туршиж үзэхээр шийдсэн. Ингээд баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам явахад ямар саад бэрхшээл учрах бол боломжтой байна уу гэдгийг туршихаар тухайн бичлэгийг хийсэн. Тэр бол шөнийн 12:00 цагт эхэлсэн бичлэг шөнийн 2:00 цагт дууссан. Гэхдээ замдаа бичлэг хийж байгаа учир камераа байршуулах зэрэг хугацаа шаардсан зүйлс байгаа. Ямартай ч тасралтгүй явсан. Явах замд байгууллагууд гадна талбайгаа цэвэрлэж мөсгүй, цасгүй болсон газруудаар бол алхаж явсан. Бичлэгээр бол боломжтой гэдэг нь харагдаж байгаа байх. Ер нь тэгээд нэг ганцхан хотын замын цасыг байнга цэвэрлэхэд юун хэцүү байгаа юм. Бараг хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллага ч замын цас цэвэрлээд арчлаад явах боломжтой шүү дээ. Гэтэл албаар ард түмнийхээ төлөө үйл ажиллагаанд хойрго хандаад байдаг нь муухай байгаа юм. Гомдмоор санагддаг. Удирдлагуудаа тийм муухай хойрго, залхуу байгаад нь гайхаж байна. Удирдлагуудаа гоё ард түмнээ гэсэн сэтгэлтэй, Нийслэлийн иргэдээ боддог байгаасай гэж хүсдэг дээ.
-Таныг Лалар.мн гэх сошиал хуудастай гэдэг. “Лалар” гэдэг үг нь өөрөө хэр зохимжтой үг вэ. Эсвэл энэ нийгмийн асуудлыг шүүмжлэхэд тохирох хэллэг гэж үзэж эл үгийг ашигладаг юм болов уу?
-Би зүгээр тоглоомоор Лалар.мн гэж нээсэн юм. Лалар гэдэг үг нь нүдтэй хүнийг хэлдэг юм байна лээ. Нэг нүдээр орчлон ертөнцийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг нэвт хардаг гэсэн утгаар нь эергээр харж энэ нэрийг өгч байсан. Монголчууд маань энэ үгийг одоо бол хараалын үгээр түлхүү ашигладаг болсон тул буруу талаас нь ойлгох талтай. Тэгээд Лалар.мн гэдэг хуудсыг түр хугацаанд нээж үзээд нийгэм бухимдалтай байхад ийм хуудсаар ч яах юм гэж бодоод орхисон.
-Бодлого гаргагчдын шийдвэрүүдээс үүдэж өнөөдөр иргэд идэр есийн хүйтэнд машинаа ч жолоодох эрхгүй алхаж байна шүү дээ. Ер нь энэ мэт утаа, түгжрэл гээд иргэдэд тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг та юу гэж хардаг вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, амьд явах, мэдээлэх эрхтэй гэхчлэн маш олон заалт байдаг боловч, эдгээрийг бид өнөөдөр бүрэн эдэлж чадаж байна уу гэвэл үгүй. Бид амьжиргаагаа залгуулах гэж машин авч байна, ажлаа амжуулах гэж машин тэрэг авч байна. Ингэж байхад энэ хэдэн иргэдийнхээ хэдэн машиныг зохицуулж чадахгүй дугаарын хязгаарлалт хийж байгааг буруу гэж бодож байна. Нөгөө талаар гаднынхан бол бүгдээрээ л автобус метро хэрэглээд явдаг. Харин бид 18 хүрээд л аав, ээжийгээ шаналгаж байгаад нэг машин авдаг. Тэр нь мэдээж хуучин, элэгдэл ихтэй гэхчлэн ер нь эрсэлтэй машинуудыг л бид худалдан авч хэрэглэж байна шүү дээ. Уг нь энэ чинь хүний амь настай холбоотой эрсдэлтэй асуудал. Тэгэхээр ер нь л анхнаасаа хотын багтаамжаа тооцоолоод машиныхаа тоонд хяналт тавих ёстой байсан байх.
-Нийслэлчүүдийн хамгийн том асуудал болоод буй утааны асуудалд ямар шүүмж хэлэх вэ. Шахмал түлш түлснээс хойш утаа багассан гэж боддог уу?
-Утаа бол хэрээс хэтэрч байгаа. Гэвч энэ хүйтэнд айлууд галаа түлж хоол ундаа хийж, дулаацахаас өөр арга байхгүй шүү дээ. Гэтэл жил бүр утааны эсрэг хэдэн тэрбум төгрөг төсөвлөдөг ч юу хийж байгаа нь мэдэгддэггүй, мэдрэгддэггүй. Эцсийн дүндээ манай нөгөө дарга нар ууж, идээд дуусгачихсан байхыг ч үгүйсгэхгүй. Дарга нараас утааны эсрэг юу хийв гэхэд “За салхи л хүлээж байна даа ч гэдэг юм уу. Өвөл их салхитай байлгахын тулд зунжингаа хөшөө барьж, маани уншууллаа” гэсэн тайлбар өгөх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Бас л гомдмоор байна шүү дээ. Цөөхөн хэдэн монголчуудаа ая тухтай амьдруулахад жаахан сэтгэл гаргаж болдоггүй юм гэж л бодож байна даа. Эрх баригчид магадгүй ярьдаг байх л даа. “Ард түмэн загасны ой санамжтай” гэж ярилцдаг байх. Үгүй юм аа. Бид тун удахгүй ард түмэн удирдлагуудаасаа хариуцлага нэхдэг тогтолцоогоо хэрэгжүүлж, хариулга аа нэхдэг болох байх. Ингэж байж удирдлагууд маань хариуцлагатай болох байх. Хариуцлага нэхдэг тогтолцоо бага байдаг болохоор ард түмнээ шоглоод байдаг юм болов уу л гэж боддог.
-Зургаан сарын дараа сонголт ард түмний гар дээр ирэх гэж байна. Сонгуулиар иргэд юуг харж шийдвэр гаргаасай гэж зөвлөх вэ?
-Сонгууль болох гэж байна. Мэдээж эрх баригчид бол бүгдээрээ л тооцоолчихсон байгаа. Яаж бүгдээрээ дахин багаараа гарах уу гэдгээ судалчихсан байгаа. Тиймээс эцсийн дүндээ бид нэр дэвшигчийн 50 мянган төгрөг, уут чихрээс илүү өөрсдийн ирээдүйгээ бодож, үр хүүхдүүдээ сайхан Монголд амьдруулахын тулд л сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.
-Нийгэмд нөлөөлөгч буюу олон хүн хардаг инфлүүнсерүүд гэж байгаа шүү дээ. Тэдний зарим нь сонгуулиар элдэв суртал ухуулга хийж, илт нэг хүнийг дэмжиж, бусдад уриалдаг. Тэдгээр хүмүүст хандаж бас нэгэн нийгэмд нөлөөлж буй хүний хувьд үзэл бодлоо илэрхийлээч?
-Саяхан Баярмагнай гавьяат Сэлэнгэ аймгийг бүтэн тойрсон. Тэгээд нөгөө мөнгө төгрөг дээрээ тохироогүй юм уу яасан юм олон нийтийн сүлжээнд хамтран ажилласан хүмүүсээ “луйварчид” гэж бичсэн байсан. Бид өөрсдөө хэнийг дагах уу, хэнийг сонгох уу гэдгээ судалж харж сонгох эсвэл чимээгүй байх хэрэгтэй байх. Амьдралд мөнгө хэрэгтэй л дээ. Гэхдээ эцсийн эцэс өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй. Эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ дагаж нийгэмд эерэг зөв хүмүүсээ сурталчилж, дэмжиж ажиллаасай гэж олны танил хүмүүсээс гуймаар байна.
-Таны хувьд сонгуульд ямар нэгэн байр суурь илэрхийлж, олон нийтийн сүлжээгээр түгээж оролцох уу?
-Бичлэг хийх гэдэг бол миний орлого оо олдог зүйл биш. Зүгээр л зав чөлөөгөөрөө шүүмжилж дуу хоолойгоо жаахан ч гэсэн хүргэх юм сан гэж боддог. Энэ зүйлд бүтэн цагаар зүрх сэтгэлээ зориулж ажилламаар байгаа ч амьдарч байгаа учир үндсэн ажлаа хийхээс өөр арга байхгүй. Тэрнээс биш бичлэгээ бол байнга л хиймээр байна. Би ямар сөрөг зүйл уриалж, болж бүтэхгүй хүмүүсийг магтаад яваа биш.
-Би нэг асуулт асуумаар байна л даа. Таны хийж байгаа контентуудын цаана ямар нэг сонгуулийн сонжоо, нэр дэвших зорилго бий юу?
-Санхүүжилт байдаг уу. Ар талтай юу гэж л асууж байна гэж ойлголоо. Тэгэхээр энэ бол цэвэр иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлж буй хөгжөөнтэй шүүмж юм шүү. Надад ямар нэг ар тал болон албан тушаалын шунал байхгүй.
-Зарим хөгжөөнтэй шүүмжүүдийн илэрхийлэх гээд байгаа утга нь далд хэр нь зөв харагддаг. Жишээлбэл “Япон даруулга” гэх бичлэг байдаг даа. Тухайн хоёр хүнийг л ярьдаг. Гэхдээ нөгөө талаар ийм дэмий юманд цагаа үрээд байна шүү гэдгийг харууллаа гэж ойлгосон.
-Тэгэлгүй яах вэ. Тэр бичлэг бол яг тийм утгатай. Нэг харсан чинь бид Осоржамаагийн шууд бичлэг болон хосуудын маргалдаж байгаа контентуудыг маш их сонирхож нийгэм даяараа шуугиад явчихдаг юм байна лээ. Тэгээд нөгөө хэдэн хэрүүлийн бичлэгээ бүх хайж байгаад олж үзэх гэхчлэн дэмий зүйлд хэт их цаг зарцуулдаг. Бараг 40,50 минутын шууд бичлэгийг хэдэн мянгаараа үздэг. Тиймээс ингэж цагаа үрээд хэрэггүй ээ. Болсон үйл явдал ийм юм аа гээд 5 минутад ярихыг зорьсон юм л даа. Бид завтай байгаа юм уу гэхээр үгүй. Найзууд нөхөд уулзъя гэхээр найз нь маш завгүй байна гэдэг хэр нь сошиалын хэрүүлийг хэдэн мянгаараа үзээд суугаад байдаг. Тэгэхээр завтай байгаа байхгүй юу.
-Ярилцлагын төгсгөл үйл явдал нь өрнөж буй “Нүүрсний сонсгол”ийн талаар асууя. Зарим хүн уг сонсголыг сайн болж байгаа ч үр дүн гарахгүй гацах магадлалтай байна гэхчлэн олон талаас нь шинжиж тайлбарлалаа. Шүүмжлэгч хүний хувьд сонсголыг та юу гэж харав?
-Монголын газар нутагт байгаа эрдэнэс, баялаг бүгд Монголын ард түмний өмч. Гэтэл тэр сайхан өмчийг эрх мэдлээ ашиглаж дур мэдэн ухаж, тонож, зөөгөөд дууссан юм шиг байгаа юм. Хайран юм. Үнэхээр хуулийн байгууллага хуулиа мөрдөөд, Засгийн газар ажлаа хийвэл энэ асуудалд маш хатуу хариуцлага тооцох нь зүйтэй. Яагаад гэвэл ард түмний сайн сайхан амьдрах боломж, бололцоог нь хулгайлчихсан байгаа байхгүй юу. Бидний аманд хэлж багтамгүй баялаг, мөнгөн дүн явж байна лээ. Хэрэв тэр мөнгийг нийгэмд зарцуулсан бол аль хэдийн утаагаа шийдээд, хотоо орон сууцжуулаад, метро, агаарын замаа бариад ёстой тэр усан тээврийг хийж хотоо хангалттай яаж л бол яаж хөгжүүлэх мөнгө шүү дээ. Тийм дураараа байж болохгүй. Бүгдэд нь ямар нэгэн байдлаар хариуцлагыг нь хүлээлгээсэй гэж бодож байна. Сонсгол ямартай ч явагдсан. Үр дүн нь гараасай гэж хичээнгүйлэн хүсэж явдаг даа. Мөн бид нийтийн тээврээс татгалздаг. Яагаад гэвэл хүртээмж нь бага, үйлчилгээ нь хүндрэлтэй. Тэгэхээр одоо сайхан олон нийтийн тээвэр оруулж, бүх шатанд нь анхаарал хандуулж хөгжүүлээд бүгдээрээ үйлчлүүлэх боломжтой болох юм бол хүн бүр машин бариад стресстэй явахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс нийтийн тээврээ утгаар нь хөгжүүлээсэй. Нөгөө лалрын ногоон автобуснуудаа буцаагаад шинэ автобус оруулж ирээд нөгөө олон жил ярьдаг метрогоо бариасай. Бид ямар нэг байдлаар яаж ийгээд урагшилж л байх ёстой.