Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны аравдугаар сарын эхэнд Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө утаа мэдрэгч тараах тухайгаа мэдэгдэж байсан билээ.
Энэ талаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 7-нд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “утаа мэдрэгч худалдан авахаар болсон. БНХАУ-ын компанид мөнгийг шилжүүлсэн” гэж байсан ч уг ажил өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.
Тиймээс өнөөдрийн Нийслэлийн онцгой комиссын хурлаар Хотын захирагч С.Амарсайхан “Утаа мэдрэгчийг айл өрхүүдэд түгээх ажлыг удаашруулсан, эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн энэхүү ажлыг цаашид НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа хариуцахаар үүрэг болгов.