Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд ХНХ-ын сайд С.Чинзориг болон ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баттөмөр: Хөгжлийн банк баталгаа гаргаж Салхитын мөнгөний ордыг барьцаалан үнэт цаас гаргана. Үнэт цаасыг нь Монгол банк худалдаж авах санхүүгийн схем байгаа юм байна. Монгол банк үнэт цаасыг ямар эх үүсвэрээр худалдаж авах юм бэ. Монгол банкны алдагдал одоогийн байдлаар хэд байгаа юм. Энэ талаар хэлж өгөөч?
Монгол банкны Хууль эрх зүйн газрын эрх зүйн бодлогын хэлтсийн дарга н.Эрдэнэхуяг: Монгол банк Салхитын мөнгөний ордоос гарах үнэт металлыг ирээдүйд худалдаж авна гэж үзэж байгаа. Ирээдүйн эх үүсвэрийг одоо гаргах байдлаар хийж байна. Мэдээж эх үүсвэр Монгол банкинд байхгүй. Тусгайлсан хуулиар Монгол банкинд эрх олгосон байгаа. Монгол банкны өөрийн хөрөнгийн хэмжээ -1.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Нийгэмд талцал, хуваагдал маргаан дагуулсан асуудал болоод байна. Энэ асуудлаар ажлын хэсэг гарах уу. Тэтгэврийн зээл иргэдэд дарамт учруулж байгаа. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхдээ судалгаа хийсэн юм уу. 5 сая төгрөг хүртэлх зээлтэй хэдэн ахмад байна вэ. Хамгийн өндөр зээлийг хэдэн хүн авсан бэ. Маш хүнд амьдралтай мөртлөө зээл аваагүй хүмүүсийг хэрхэх вэ. Учир нь байгалийн баялгийг тэгш, хүртээмжтэй өгөх асуудлыг зөрчөөд байх шиг харагдаад байна?
ХНХ-ын сайд С.Чинзориг: Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэг тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай хуулийн төсөл өргөн бариад хэлэлцүүлж байгаа юм.Уг асуудал Эдийн засгийн байнгын хороо болон НББСШУ-ны байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Энэ хоёр байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад ажиллахад нээлттэй. Зарчмын зөрүүтэй санал, санал дүгнэлт гаргах эрх нь нээлттэй. МАН-ын бүлгээс Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгүүд хуралдаад асуудлыг илүү чамбайруулах боломжтой.
578 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл байна гэж үзэж байна. Нийт 112 мянган иргэн 3 хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Өссөн дүнгээрээ 142 мянган иргэн 4 хүртэлх сая төгрөгийн зээлтэй. Нийт тэтгэвэр авсан иргэдийн 90.6 хувь нь 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй. Харин үлдсэн хувь 9 хувь нь 6-10 сая төгрөгийн зээлтэй байна.
Эрсдлийн нарийн мэдээлэл алга. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж маш нууцын чиглэлтэй гарсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 12 сарын 30-ны өдөр гараад мэдээлсэн.
Хардлага, сэрдлэгэтэй холбоотойгоор нэг тоо хэлэхэд 11 сарын 31-ны байдлаар 775 тэрбум төгрөг байсан. Жилийн эцсийн байдлаар тоогоо нэгтгэхэд 758 төгрөг болж буурсан. Нэг сарын дотор 17 тэрбум төгрөгийн зээл дарагдсан. Хугацаа хэтэрсэн зээл нэг тэрбум гаруй төгрөгийн зээл байна. Харин 192 мянган иргэн тэтгэврийн зээлгүй байгаа.
Монгол банк: Тэтгэвэр барьцаалсан зээлийн 0.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Тэгэхээр банкуудын хувьд чанартай зээл.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүмүүс зээл аваад буцааж төлж сураад зөв гольдрилдоо орж байсан. Гэтэл энэ зээлийг дарснаар хүмүүс зээлээ төлөхөө болино, дараагийн шийдвэрийг гарахыг хүлээж банкуудын үйл ажиллагаанд садаа болно. Тэгэхээр та бүхэн нэг л удаа хэрэгжих ажил шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсны дараагаас хүмүүс мэдээлэл олж аваад зээл авсан юм биш биз дээ. Тэтгэврийн зээл тэглэх зөвлөмж гарсны дараа 10 саяас дээш үнийн дүн бүхий нийт 100 тэрбумын зээл гарсан гэсэн мэдээлэл байна. Зөвлөмж яг хэзээ гарсан юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү. Мэдээлэл задлагдаад хүмүүс зээл авсан юм биш биз дээ.
ХНХ-ын сайд С.Чинзориг: Зөвлөмжийг танилцуулсны дараагаас буюу нэг сарын 1-ны өдрөөс тэтгэврийн зээлийг тэглэсэн. Тэгэхээр элдэв харталт сэрдэлт гайгүй байхаа. Энэ талаар мэдээлэл өгдөг эрхтэй хүн нь би биш.
Тэтгэврийн зээлийг нэг л удаа тэглэнэ. Дахиж тэглэх асуудал байхгүй. Энэ нэг л удаа хэрэгжинэ. Цалингийн зээлийг тэглэж магадгүй гэх яриа гарсан. Тэгэхээр тэр яриа эдийн засгийн агууламж муутай . Тэтгэвэр, цалин хоёрыг харьцуулж болохгүй.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улс төрийн шийдэл гараад явж байх шиг байна. Эдийн засгийн утга агуулгаар нь харвал эрүүл биш яагаад ч ойлгохооргүй байна.
Бид нар Хүний хөгжил сангаар дамжуулаад өнгөрсөн жилүүдэд 3.2 их наяд төгрөг тараасан. Маш их мөнгө. Энэ мөнгийг тараагаад иргэдийн амьдрал дээшилж, ядуурал арилж дундаж давхарга бий болсон гэвэл үгүй. Өмнөхөөсөө сургамж авч өгөхгүй улс төрийн шийдэл гараад байна. Нэг удаа зээл дарахаас илүү тэтгэврийн зөрүүг арилгавал илүү үр дүнтэй гэж ахмадууд үзэж байгаа. Салхитын мөнгөний ордоос 2.1 их наядын орлогыг таван жилийн дотор олох юм байна. Энэ мөнгийг олохын тулд 842 тэрбум төгрөгийнзардал шаардагдана. Энэ шаардлагатай мөнгийг хаанаас хэн санхүүжүүлэх вэ. Нэг ордоор нэг удаа тэтгэвэр тэглээд өнгөрөх гэж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Баялгийн сан байгуулахаар болсон. Цаашид ийм арга хэмжээ Баялгийн сангаараа дамжих ёстой гэлээ.
Асуулт, хариултын дараа санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ