ОХУ-ын Буриадын Гусиноозерская усан цахилгаан станцад гарсан ослын улмаас Орос улсаас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг хоёр дахин бууруулах мэдэгдэл хүргүүлээд байгаа талаар Middle Asian Daily News агентлаг мэдээлж, мөн осол гарсан гэх цахилгаан станцтай холбогдож нөхцөл байдлыг тодруулсан байна.
Тус мэдээлэлд, “Орос улс Монголд нийлүүлэх эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулна гэж мэдэгдсэн. Ингэхдээ 150 МВт-аас дээш эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Орос улс дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд экспортоо танах шийдвэр гаргаснаа өөрөө зарласан. Харин хоёр талын гэрээнд зааснаар цахилгаан тасарсан тохиолдолд ОХУ нэг өдрийн өмнө монголын Диспетчерийн үндэсний төвд мэдэгдэх ёстой. Үүний дагуу уржигдар /2023.12.12/ 16:00 цагт монголын талд бичгээр мэдэгдсэн байна" гэжээ.
Харин эрчим хүчний экспортыг ОХУ-аас хязгаарлах болсонтой холбогдуулж Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тус улсын сэтгүүлчид, “ОХУ нийлүүлж буй цахилгааны хэмжээгээ бууруулсан нь зөвхөн ослоос болсон уу" гэж асуухад тэрээр "геополитик, улс төрийн шалтгаан байгааг үгүйсгэсэнгүй". Мөн тэрээр "Бид нөхцөл байдлыг судлахаар ОХУ-д ажлын хэсэг илгээж байна. Би мөн ОХУ-ын Эрчим хүчний сайдад нөхцөл байдлыг тодруулахаар албан бичиг илгээсэн" гэсэн тайлбар өгчээ.
Иймд манай редакцийн баг Гусиноозерская усан цахилгаан станцтай холбогдож энэ талаар тодруулахад, “Монгол Улсын Эрчим хүчний сайдын хэлсэн "геополитик, улс төрийн шалтгаан байгаа" гэсэн тайлбарыг үгүйсгэж "Бид хэвийн зүгээр ажиллаж байна" гэжээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.