Н.Ганбаа: Утаагүй түлш гэж байхгүй, утааг бууруулах хамгийн зөв арга бол дулаалах гэж хялбархан үгээр хэлж болно

Н.Ганбаа: Утаагүй түлш гэж байхгүй, утааг бууруулах хамгийн зөв арга бол дулаалах гэж хялбархан үгээр хэлж болно

Улаанбаатар хотын утааг шийдэх боломжтой, Монгол Улсад хамгийн тохиромжтой цахилгааны хэмнэлттэй, зуухгүй "Пассив Хаус" дизайн стандартын талаар "Пассив Барилгын Хүрээлэн" ТББ-ын ерөнхийлөгч Н.Ганбаатай ярилцлаа.

ВИДЕО:

-"Пассив Хаус" Улаанбаатар хотын утаанд томоохон хувь нэмэр оруулна гэж олон нийт үзэж байгаа. Тэгвэл "Пассив Хаус" стандарт гэж яг юу вэ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү!

-Би "Пассив барилга" хүрээлэнгийн ерөнхийлөгч Н.Ганбаа байна. Пассив барилгыг Монгол Улсад нутагшуулах, хэрэгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг ТББ байгууллага юм. Пассив барилгыг яаж тодорхойлдог вэ гэхээр амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд шаардлагатай халаалтын хэмжээг хамгийн хялбараар шийдэх арга гэсэн үг. Өөрөөр хэлбэл нарны тусламжтайгаар дотоод байгаа дулааныг авч үзэх зарчмаар, нарны тусламжтайгаар байгаа орчныхоо дулаан хадгалж, халаалтын хэмжээг хамгийн багаар маш бага зардлаар халаах зорилготой стандарт юм. Нэг үгээр хэлбэл дулаан хамгаалалт маш сайн барилга юм.                    

-УТААГҮЙ ТҮЛШ ГЭЖ БАЙХГҮЙ-

Барилгыг маш сайн дулаалах аргачлалууд байдаг. Үүнийг нэвтрүүлэхийн тулд олон төрлийн барилга байшин, гэрт аргачлалууд авч хэрэгжүүлсэн. Тодорхой хэмжээний амжилтууд гарсан. Зун, өвлийн байшингууд маш сайн дулаалбал халаалтын зардал байхгүй болно. Маш бага ачаалал үүсвэл сэргээгдэх эрчим хүчээр шийдэх арга бий. Энэ бол утааг бууруулах хамгийн гол арга болж таарах байх. Учир нь утаагүй түлш гэж байхгүй. Заавал утаа, бохирдол гарна. Хэрвээ үүссэн дулааныг алдахгүйгээр ашиглаж чадвал илүү зардал гарахгүй. Тэгэхээр утааг бууруулах хамгийн зөв арга бол дулаалах гэж хялбархан үгээр хэлж болно.

-Монголд "Пассив хаусыг" одоогийн байдлаар хэчнээн хүнд худалдан борлуулж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа вэ?

-Бид аж ахуйн нэгж утгаар биш ТББ талаас янз бүрийн хэлбэртэй байшин дээр үзүүлэнгийн байдлаар хийж яваа. Зах зээлд гаргаж хараахан амжаагүй байгаа. Том, жижиг байшин, амины орон сууц, гэр гэсэн 20-30 байшингуудад амжилттай хэрэгжүүлээд явж байна. Үүнээс цааш сургалтын хэлбэрээр буюу байшин барихдаа яаж, хаана алдаж байна асуудлыг олж энэ аргачлалаар барих нь ямар ач холбогдолтой талаар түлхүү хийгээд явж байна.

-Өмнө нь таны хэлснээр Монголд байшин барих тал дээр алдаад байдаг гэсэн. Энэ яг юун дээр алдаад байдаг вэ?

-Манай орон төвлөрсөн халаалт буюу зуух гэсэн том хоёр элементтэй учир дулаан алдагдлыг ерөөсөө ойшоож үздэггүй. Байх ёстой зүйл гэж үзээд нэмж өгөх дулааны тухай илүү анхаарч ирсэн. Барилгын салбар үүсэж хөгжсөнөөс хойш зуу гаруй жил болчихлоо гэж үзвэл үүний ихэнхэд нь дулаан өгөх, дулаан хангамж өгөх зорилготой байсан. Байшин бол ерөнхийдөө байх л ёстой стандартаар хийгддэг. Тэгвэл бид ерөөсөө дулааныг алдахгүй байхын төлөө л явна. Ингэж чадвал дулаан үүсгэвэр хэрэггүй болно гэсэн эсрэг талаар ойлгож байна. Бидний зүгээс харахад үндсэн барилгын аргачлал алдаатай хийгдээд байгаа. Үндсэн зарчмуудыг зөрчөөд байна.

-Тэгвэл ямар аргачлалаар барилга барих нь зөв юм бэ?

-Пассив барилга үндсэн таваг зарчим байгаа. Үүнийг аливаа барилга, байгууламж барихдаа мөрдвөөс эрчим хүчийг хамгийн дээд зэргээр хэмнэх боломж гарч ирдэг. Эд нарын аль нэгийг зөрчвөл дутуу болно. Жишээлбэл гадна талыг битүү дулаалга хийх ёстой. Мөн урагшаа харсан цонх хийх ёстой энэ нь өдрийн цагаар нарнаас илч авна. Энэ цонх нь дулаан алдагдал багатай, том хэлбэр хэмжээтэй байх ёстой дүрэм байгаа. Гуравдугаар зарчим, дулааны солилцуур агаар сэлгэлтийн систем байх ёстой. Байшин өөрөө битүүмжлэл өндөр байдаг учир цэвэр агаар оруулахын тулд зайлшгүй механик агаар сэлгэлт тавина. Механик агаар сэлгэлт нь гаднаас орж байгаа агаартай дулааныг шилжүүлж өгдөг. Энэ бол зайлшгүй тавигдах ёстой. Дараагийнх нь агаарын битүүмжлэл. Хэрвээ сайн битүү байвал дулаан тогтоно. За мөн дулааны гүүр гэх ойлголт бий. Дулаан дамжуулалт их өндөр, хурдан дамжуулдаг төмөр бетон материалуудыг дулаалгуудыг нэвт гаргасан байх ёстой. Жишээ нь болкон байна. Бид байшингаа барьж байснаа гадуур нь дулаалга явж байгаад болкон дээр ирээд тасарчихдаг. Ингээд тасарчихсан учир гадна орчинтой шүргэлцэж байгаа нь бетон дулааныг хурдан дамжуулдаг. Үүгээр дулаан дамжин гарахыг дулааны гүүр гэж нэрлэж байна. Үүнийг байхгүй болгох шаардлагатай. Энэ таван зарчмыг байшин барихдаа даган мөрдөх шаардлагатай. Үүн дотор ганц сонирхолтой зүйл байгаа нь дулаан солилцууртай агаар сэлгэлт юм. Байшин битүү болоод эхлэхээр хүчил төрөгчийн хэрэгцээ үүснэ. Хүн амьсгалах хэрэгтэй болно. Энэ агаарыг гаднаас оруулж ирэхдээ гэрт ашиглагдсан байгаа нэгэнт халсан агаараа гаднаас орж ирэх агаарт дулааныг өгөх юм. Энэ маш хялбархан бүх байшинд тавимаар байгаа.

-Энэ стандартыг монгол гэрт нэвтрүүлж болох уу?

-Өмнөх ярьсан юм маань дулааныг үр ашигтай хамгаалах үндсэн таван багана юм. Тиймээс бид аль боломжтой хэлбэрээр хэрэглэх ёстой. Жишээлбэл монгол гэрт дулаан солилцооны агааржуулалт тавьж болно. Гэрийн хамгийн том дулаан алдагдлын эх үүсвэр бол яндан. Бид гал түлээд яндан босгочхоод утаагаа гадагшлуулдаг. Яг энэ утаат яндангаар бүх дулаан сорогдоод гараад явчихдаг. Энэ процессыг үгүй болгохын тулд яндангаа буулгах ёстой. Гэрээ битүүмжлээд, дулаан солилцуурт агаар сэлгэлтийг тавьж өгч болно. Монгол гэрт гурван давхар шилтэй цонх суурилуулах боломж тааруу байдаг. Харин гэр модон учир шал хананы үзүүрт дулааны гүүр гэх зүйл үүсэхгүй. Сайн дулаалах, битүүмжлэх, агаар сэлгэлт тавьчихвал халаалтын эрчим хүчний зардал багасдаг. Бид 2018 онд "Халаалтгүй гэр" туршилтын ажил хийсэн. Яг дээрх зарчмаар маш бага халаалттай гэр хийж өвөлжиж үзсэн. Тэр айл шөнийн дулаан нөөцлүүртэй, нэмэлтээр гал түлэхгүй өвөлжсөн. Үүнийг бид олон нийтэд танилцуулаад явж байгаа. Монгол гэрийг яг энэ зарчмын дагуу маш бага зардлаар хийх боломжтой. Ер нь зардал гарах зүйл бараг байхгүй. Битүүмжлэлийг яаж хангадаг юм. Бага зэрэг завсараар сийгээд байвал битүүмж алдаж байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг битүүлэх маш амархан. Дулааны гүүргүйгээр битүү өлгийдөж дулаалах хаяагаа манах зэрэг процесс хийгдчихдэг. Тэгэхээр бид юу дутаад байна гэхээр яндангаа буулгах зориг дутаад байгаа. Хэрвээ яндангаа буулгачихвал бүтэж үхнэ гээд байгаа. Байнгын цэвэр агаар өгдөг, байгалийн эрчим хүч бага зарцуулдаг төхөөрөмж байдаг. Энэ бол маш бага хөрөнгө оруулалтаар өндөр үр дүнд хүрэх арга байж болно. Тэгэхээр Пассив байшин гэж яриад явж байсан чинь үүний таван зарчмаасаа аль нэг эсвэл хоёрыг нь иргэд байшингаа барихдаа хэрэгжүүлэх ёстой. Хүн бүр, тоосго, блокоор байшин барьж байна. Үүний аргууд бүгд тодорхой байдаг. Энэ дулааны гүүр мөн үү, мөн бол үүнийг яаж зогсоох вэ, битүүмжлэлийг ингэж хангана, цонхоо тэгж дулаална гэх мэт ерөнхий мэдлэгээ массаараа сайжруулчихвал утаа хурдан арилна гэж үзэж байгаа.

-Монгол гэрийн халаагуурын систем нэвтрүүлнэ гэсэн тэр нь ухаалаг систем гэсэн үг үү?

-Тэртээ тэргүй халаагуур хэрэг болно. Монгол гэрийг пассив байшин шиг 40, 50 см дулаалах боломж байхгүй. Маш бага хэмжээгээр дулаална гэхдээ дулаан алдах учир бид дулаан өгөх ёстой болно. Өгч буй дулаанаа аль болох бага байлгах үүднээс саяны аргуудыг хэрэглэнэ. Ингээд халаалтын ачааллыг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тог цахилгааны хүч муутай учир газар халаах уу? гэдэг асуудал байна. Бид эрчим хүчний асуудлыг мэдэж байгаа. Оройн цагаар, ачааллын үеэр тог хүчдэл хүрдэггүй. Үүнээс зайлсхийх ёстой. Сайн дулаалсан Монгол гэрт заавал оройн цагаар халаагуур залгаад байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл дулаан алдагдал багассан гэрт бол хэдийд ч халаагуурын залгаж болно. Ийм учир бид шөнө залгая гэж байгаа. Шөнийн эрчим хүч илүүдэлтэй, хямдралтай үеэр тодорхой хэмжээнд тоосгыг халаачихна. Дулаан багтаамж өндөр, химийн урвалд ордоггүй тоосгыг дулаан хуримлуулах байдлаар ашиглана. Энэ нь 24 цаг дулаанаа хадгалж байдаг ийм төхөөрөмж. Үүнийг зохион бүтээгээд байх хэрэггүй, бусад улс орнууд болон японд ийм төхөөрөмж байдаг. "Монватт" гэж дулаан нөөцөлдөг халаагуур хийдэг компаниуд олон байгаа.

-ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭДЭГ БАЙШИН БАРЬСАН БОЛ ЯМАР НЭГ ДЭМЖЛЭГ ИРЭХ ЁСТОЙ-

-Олон нийт өөрсдөө байшин барихдаа энэ стандартын нэвтрүүлчих юм бол "Пассив хаус" шиг болчхож болно гэж ойлгох уу?

-Бүрэн боломжтой. Хэн нэгэн ирээд байшинг нь бариад өгчих юм шиг хүлээлттэй байдаг. Нөгөө хэсэг хүмүүс энэ бол бүтэхгүй, хэцүү юм гэнэлээ гээд уламжлалт аргаараа барьчихъя гээд их том байшин бариад эхэлдэг. Бид инженерүүдэд, зураг төсөл, архитектур, мужаануудад энэ таван зарчмын талаар сургалт хийдэг. Энэ таван зарчмыг ягштал мөрдсөнөөр зуухны хэрэгцээгүй байшин болно. Ядаж арван хоёрдугаар сар болтол халаагуурын тухай бодохгүй ийм байшин барихын тулд яах ёстой вэ гэсэн зорилгоор зааж өгдөг. Анхнаасаа бүтэхгүй гэж бодсон хүнд энэ бол маш хэцүү. Суралцъя гэж ирсэн хүмүүст маш гоё боломж юм. Итгэхгүй хүмүүс бол тэртээ тэргүй халаагуур тавих юм чинь Германы сайн халаагуур тавья гээд хамаг хөрөнгө оруулалтаа хийчихдэг. Энэ бол хэзээ ч дуусашгүй зардал. Бид анхнаасаа бууж өгч хүлээн зөвшөөрч болохгүй. Ирээдүйд эрчим хүчний үнэ ямар болохыг мэдэхгүй. Ямар ч байсан жилийн дөрвөн улирлын байшинг яаж халаалтын зардалгүй байх аргыг олон нийтэд түгээх ажил хийж байна. Зуслангийн байшинг хямд төсөр аргаар барьчхаад, шалны халаалтаар өвөл ганц хоёр хоног очихдоо халаадаг тренд үүсчхээд байгаа. Энэ бол үхмэл хөрөнгө юм. Үүний оронд цомхон жижигхэн, Пассивын аргуудыг шингээсэн, маш хэмнэлттэй байшин барих юм бол бүтэн жил утаанаас хол, ая тухтай амьдрах боломжтой. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалт бага зэрэг өндөр гарна. Жишээлбэл гурван давхар шиллээгээтэй цонх гэдэг ердийн цонхноос хоёроос гурав дахин үнэтэй. Энийг аваад тавчихаар таны урсгал зардал урт хугацаандаа ашиглалтын зардал тань багасна гэдгийг ойлгуулах шаардлагатай. Төр засаг ч үүнийг дэмжээд явах ёстой, ард иргэд үүнийг ухааран хийгээд явах ёстой. Үүнд ганц саад болж байгаа юм нь үнэгүй нүүрс юм. Нүүрс хэзээ л бол хэзээ үнэгүй шахуу байж байдаг. Шуудайгаар нь түллээ дулаахан болчихдог. Энэ чинь тэр чигээрээ утаа. Утааны асуудлыг шийдье гэж бодож байвал эрчим хүчний үнийг тооцох ёстой. Та хэрвээ эрчим хүч хэмнэдэг байшин барьсан бол ямар нэгэн дэмжлэг ирэх ёстой. Эрчим хүч хэмнэдэггүй байшин барьсан бол ашиглалтын зардал өндөр байх ёстой.

-"Пассив Хаус"-ын метр квадрат жижигхэн байгаад байсан. Энэ стандартыг том метр квадраттай байшинд нэвтрүүлж болох уу?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Монголд хийж байгаа байшингууд маань бидний хэрэглээнд тохирсон. Хөрөнгөний хэмжээнд тохирсон хэлбэрээр хийх гэж оролдсон. Яг үнэндээ Пассив байшин том байх тусмаа хялбархан болно. Маш том спорт заал, сургуулийн оюутны байр гэх мэт олон метр квадрат байх тусмаа битүүмжлэл хялбархан болно, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх боломж өндөр.

-ЭНЭ УТАА, ЯДУУРАЛ ХОЁР ЕРӨӨСӨӨ Л ДУЛААН АЛДАГДЛААС ҮҮСЭЭД БАЙГАА-

-Энэ стандарт ямар нэгэн зохиогчийн эрхгүй, бүгд ашиглах боломжтой гэж хэлж байна уу?

-Тийм. Энэ таван зарчмыг мөрдөхийг хэн ч хориглохгүй. Энд ямар нэгэн зохиогчийн эрх, оюуны өмч байхгүй. Ерөөс хүн бүр энэ арга руу ороосой л гэж бид хүсэж байгаа.

-"Пассив Хаус"-ын цаашдын зорилго юу вэ?

-Утаагүй л болох. Энэ утаа, ядуурал хоёр ерөөсөө л дулаан алдагдлаас үүсээд байгаа. Дулаанаа алдчихаад араас нь бид харамсаад, том том хөрөнгө оруулалт хийгээд зуух яриад байвал төгсөшгүй. Дулааны асуудлыг зогсоочихвол бүх юм төгсөнө. Нэмэлтээр зуух, утааны тухай бодох шаардлагагүй болно гэдгийг бид зориудаар үзүүлж байгаа. Маш их зузаан дулаалгатай, нарийн бодсон. Хүмүүс нэг тийм царай муутай, аягүй хэцүү харагдаад байгаа гэсэн. Ойлгомжтой. Бид туйлыг нь үзэх гээд огт халаалтгүй. Огт зардалгүй байшин барьж үзүүлж байж очих цэг нь тэр юм байна гэж хүнд мэдрүүлэхийн тулд хийж байгаа. Ердийн тодорхой хэмжээний халаалтын зардал гаргая, хамаагүй гэж байгаа хүнд энэ байшин ямар ч хэлбэрийн байж болно. Бид дизайн дээр биш, үр дүнд анхаарч байгаа. Ийм туйлширсан кэйс үүсгэчхээд, янз бүрийн загварын байшинг ийм болгоё л гэж зорьж байгаа. Монгол улс бол тархай бутархай. Том талбай дээр цөөхөн хүн амьдарч байдаг. Аялал жуулчлал, хөдөө орон нутаг, сум, баазруу хотоос тавдугаар цахилгаан станцаас цахилгаан авч чадахгүй. Өөр дээрээ дэд бүтцээ шийдсэн байшин Монгол улсын ирээдүйд маш их ач холбогдолтой гэж харж байна.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө