Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг энэ сардаа багтаан батлаад НАМРЫН ЧУУЛГАНЫГ ЗАВСАРЛУУЛНА

Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг энэ сардаа багтаан батлаад НАМРЫН ЧУУЛГАНЫГ ЗАВСАРЛУУЛНА

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцэж байгаа аж. 

Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож зээлийг тэглэх бөгөөд ахмадуудад нэгдүгээр сард зээлд өгсөн тэтгэврийг нь буцаан олгох юм байна. Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа бол 233 мянга нь зээлтэй юм.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо”  гэсэн юм. 

Нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан төслөө Засгийн газарт танилцуулах юм байна. Засгийн газар хуралдаад Их хуралд өргөн барьснаар Их хурал хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

Ингээд ирэх хоёрдугаар сараас ахмадуудад тэтгэврийг бүрэн олгож эхлэх бөгөөд энэ сардаа багтаан хуулиа хэлэлцэн баталж, бондоо гаргана гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.  Энэ сарын 20-ны дотор  тэтгэврийн зээл тэглэх хуулиа батлаад УИХ-ын намрын чуулган завсарлана гэх мэдээлэл байна.