Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын шийдвэр гарлаа хэмээн мэдэгдсэн.
Түүний мэдэгдэлтэй холбоотойгоор олон нийт дэмжлэг болон шүүмжлэлийг идэвхтэй илэрхийлж улс төрчид болон мэргэжилтнүүд албаны байр, суурийг илэрхийлж байв.
Ингэхдээ 2020 оны төсөв батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй учир энэ ондоо багтаан тэтгэврийн зээлийг тэглэх боломжгүй гэж байсан юм.
Учир нь тэтгэврийн зээлийг тэглэх 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр манай улсын төсөвт байхгүй билээ.
Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар албаны байр, суурийг илэрхийллээ.
Тэрбээр тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Уг зөвлөмжийг ажил хэрэг болгоно хэмээн мэдэгдэв.
Тэрбээр "Дэлхийн аль ч улсад тэтгэврийн зээл байдаггүй. Зээл авсан зорилтот бүлгээ нийгмийн халамжийн системээрээ харж үзнэ. Ахиж ийм зүйл гаргахгүйн тулд тэтгэврийн хуулийг өөрчилнө. Тэгш байдал гээд бүхнийг хамруулаад байвал хавтгайрсан халамж болно.
Салхитын мөнгөний ордын цэвэр ашгаар бонд босгоод түүгээрээ тэтгэврийн зээлийг тэглэнэ. Хөгжлийн банк баталгаа гаргана.
700 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргаад хаагдана. Банк бонд эзэмшигч болоод тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Нэг сардаа багтаж хууль баталж, бонд гаргана. Тэтгэврийн зээлийг хоёрдугаар сардаа тэглэнэ. Цаашид хуульдаа өөрчлөлт оруулаад тэтгэврийн зээлийг байхгүй болгоно. Ахмадууд тэтгэврээ бүрэн авдаг болно " гэжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОГООС