Энэ долоо хоногийн Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу Ираны талыг баримтлагчид дайран орж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Энэхүү бослого, тэмцлийг генерал К.Солеймани гэгч зохион байгуулсан гэж буруутгаж байсан юм. Харин энэ долоо хоногийн Пүрэв гарагийн шөнө Багдадын нисэх буудалд АНУ-ын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний улмаас генерал К.Солеймани алагдсан байна.
Түүнийг устгах тушаалыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өгсөн тухай Пентагон мэдэгдээд байна. Иймд түүний амийг хөнөөсөн явдал Ирак дахь Америкчуудын эсрэг халдлаг улам эрчимжих төлвтэй болоод байна.
Учир нь өчигдөр орой Иракийн нийслэл дэхь АНУ-ын элчин сайдын яамны “Ногоон бүс” буюу “Green Zone” хэмээх өндөр хамгаалалттай бүс миномётын хоёр цохилтод өртсөн байна. Мөн энэхүү цохилтын дараа Багдадын ойролцоох АНУ-ын цэргийн бааз мөн хоёр удаагийн пуужингийн цохилтод өртсөн байна.
Эдгээр цохилтын энэ үеэр АНУ-ын элчин сайдын яамны байр болон цэргийн баазад түгшүүрийн дохио дуугарч тагнуулын дронууд цохилтыг хаанаас хийснийг тодруулахаар нисэж эхэлснийг гэрчүүд мэдээлжээ.