Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтооход иргэдээс санал авч байна. Тодруулбал, УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа.
Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заагаад байгаа.
“Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс НИТХ энэ талаар иргэдийн саналыг авч байна.