Унгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Унгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилээс Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг, II шатны шалгаруулалтыг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна.

Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгар Улсын Темпус олон нийтийн сан болон хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын аливаа төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

СУРАЛЦУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Унгар Улсын Засгийн газрын 2015 оны 139 дүгээр тогтоолын 2 болон 3 дугаар хавсралтын дагуу оролцогч талуудын харилцан тохиролцсоноор дараах мэргэжлийн чиглэлүүдээр суралцуулна.

1.Бакалавр:

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Унгар хэл, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Нийгмийн ухааны салбараас Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Компьютерын шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл, Компьютерын шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Сургуулийн өмнөх боловсрол, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбараас Хөгжмийн бүтээлч урлаг ба хөгжим судлал, Урлагийн боловсрол зэрэг чиглэлээр;

2.Магистр:

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлаг ба хүмүүнлэгийн ухааны салбараас Кино судлал, Сэтгэл судлал, Археологи, Боловсролын шинжлэх ухаан, Нийгмийн ухааны салбараас Эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, санхүүжилт, Үндэстэн ястан, Цөөнхийн бодлого, Харилцаа холбоо ба медиа шинжлэх ухаан, Соёлын антропологи, Компьютерын шинжлэх ухаан ба мэдээллийн технологийн салбараас Компьютерын шинжлэх ухааны инженерчлэл, Анагаах ухааны биотехнологи, Компьютерын шинжлэх ухаан, Инженерийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Байгалийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Урлагийн салбарын бүх чиглэлээр;

3.Бакалавр, магистрын хосолсон (One Time Master) хөтөлбөрт: 

Мал эмнэл зүй, Хөдөө аж ахуйн инженер, Ойн инженер, Эрх зүй, Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарын бүх чиглэл, Спортын шинжлэх ухаан, Урлагийн салбарын бүх чиглэлээр;

4.Доктор:

Мэргэжлийн чиглэл харгалзахгүй;

5.Ахисан түвшний дараах мэргэшлийн сургалт: 

Strategic Engineering and Sustainability Leadership, Lean Engineer, Lean Manager, Highest Specialized Solo Piano Performance, Transportation Engineering in Aviation, Humanitarian Response Manager, Kodály System, Urban Social Development, EHS manager

Дээрх дурдсан суралцуулах мэргэжлийн чиглэлд багтаагүй мэргэжлээр суралцуулахгүй болохыг анхаарна уу.

АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ

Өргөдөл гаргагч нь 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Унгар Улсын Темпус олон нийтийн сангийн дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.

БШУЯ нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний анкет, баримт бичгийг хянан шалгасны дараа БШУЯ-нд ирүүлнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.

Эх сурвалж: БШУЯ