Цаг уурын байгууллагаас өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн 08:00-20:00 цагийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17...+22 хэм, бусад нутгаар +23...+28 хэм дулаан байна. Харин говийн бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 хэм хүрч хална.