Экологийн цагдаагийн алба энэ оны долоодугаар сарын 28-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дахь Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор нэр бүхий иргэн ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайн бамбарууш болон халиун бугын арьсыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн талаар мэдээллээ.
Уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, барих, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, үржүүлсэн, мөн тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан тохиолдолд 5.4-27 сая төгрөгөөр торгох, нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.