Ж.Чинбүрэн эмч гавьяат боллоо, хэзээ Хавдрын эмнэлэг барьж, тоног төхөөрөмжийг нь авч өгөх вэ

Ж.Чинбүрэн эмч гавьяат боллоо, хэзээ Хавдрын эмнэлэг барьж, тоног төхөөрөмжийг нь авч өгөх вэ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар энэ сарын 29-ны өдөр нэр бүхий хүмүүсийг төрийн дээд, одон медалиар шагнасан. Түүний нэг нь Хавдар, судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн байв. Эл үйл явдалд иргэд ихэд баярлаж, талархан “Шагнал нүдээ оллоо. Олон хүн Ж.Чинбүрэн эмч шиг нийгмийн захиалгаар шагнал хүртдэг байгаасай” гэхчилэн сэтгэгдлийг  олон нийтийн сүлжээнд бичиж байв.

-ЭМНЭЛГИЙГ НЬ ШИНЭЧИЛЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ ӨГӨХГҮЙ БАЙЖ Ж.ЧИНБҮРЭН ЭМЧЭЭС ИХ ЗҮЙЛ БҮҮ ШААРД-

Би ч мөн ихэд баярлалж буй бөгөөд шагнал нүдээ олсон гэдэгтэй 100 хувь санал нийлж байна. Гэхдээ энд хөндөхгүй, сөхөхгүй орхиж болохгүй асуудал бий. Тэр бол Ж.Чинбүрэн эмч ГАВЬЯАТ болсноор Хавдрын эмнэлгийн, хавдартай хүмүүсийн зовлон, шаналал шийдэгдэхгүй гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх тухай юм. Төр засаг ганц  Ж.Чинбүрэн эмчийг шагнаж гал унтраах, асуудлыг намжаах, олны гомдол, цөхрөлийг дарна гэж буй бол түүн шиг эндүүрэл үгүй.

Өөрөөр хэлбэл, Шинэ эмнэлэг барьж өгөхгүй, тоног төхөөрөмж авч өгөхгүй байж Ж.Чинбүрэн эмчээс ИХ ҮР ДҮН ХҮЛЭЭХ шаардлагагүй гэж хэлмээр байна.

Хар зах шиг дүрх төрхтэй, дугаарлалт, дараалал нь талийж, ачааллаа дийлэхгүй, олигтой тоног төхөөрж ч үгүй болсон энэ эмнэлгийн яг хүнд асуудлыг шийдэх нь өнөөдрийн тулгамдсан асуудал шүү. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Хавдарын эмнэлгийг шинэчлэх, тоног төхөөрөмжтэй болгох, ажиллах хүчийг нэмэхийн тулд сэтгэл нэгдэж улсын төсвөөс мөнгө тавьж өгсөн үү. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санаа тавьж ажилласан уу гэвэл үгүй шүү дээ.

-УЛС ТӨРЧИД ХАВДАРТАЙ ИРГЭДЭЭС ХАРАМЛАСАН МӨНГӨӨРӨӨ ОЮУТНЫ БАЙР, ХОЁР ХӨШӨӨ БАРИХ ШИЙДВЭР ГАРГАЖ Л БАЙСАН-

Ганц л жишээ дурдахад, 2020 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг Ж.Чинбүрэн захирал болон түүний хамт олон улсын төсөвт суулгахыг гуйсан ч хасч орхисоноо санаж байна уу улс төрчид өө. Гэтэл Засгийн газар, Сангийн яам, УИХ-ын гишүүд хавдрын өвчнөөр шаналж буй иргэдээсээ мөнгө харамласан мөртлөө өөрсдийн тойрогт хийгдэх нэг их хэрэгцээгүй ажилд төсвөө суулгуулж чадсан.

Тухайлбал, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэгийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатарт хот дахь оюутнуудын дотуур байрын барилгыг Хан-Уул дүүрэгт барихад шаардлагатай есөн тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар 139.1 тэрбум төгрөгөөр хоёр хөшөө барьж байгаа нь үнэн.

Монголчууд нэг жилд 4000 аараа хавдрын өвчнөөр хорвоог орхиж байна. Энэ бол дайны талбарт амиа алдаж буйтай ижил статистик. Энхийн цагт ийм олноор хавдрын өвчнөөр энэлж, шаналан хайртай бүхнээ орхиод одож буй тэдгээр хүмүүсийн төлөө Хавдрын эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчилгээг сайжруул, шинэчил, шинэ эмнэлэг барьж өг, мөнгө төгрөг ахиухан хувиарал .

Монголчууд элэгний хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, Умайн хүзүү болон бусад хавдраад мөн дээгүүрт бичигдэж байна. Тиймээс ухаарч, сэхээр. Шинэ эмнэлэгт шаардлагатай мөнгийг Хавдрын эмнэлгийн хамт олон, хавдартай иргэдээс харамлачихаад өнөөдөр том шагнал өгч НҮД ХУУРАХ хэрэггүй.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө