Б.Энх-Оргил: Дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрээр овоглодог тул эртний баатруудын төрхийг харуулах гэж үс, сахлаа ургуулсан /ВИДЕО/

Б.Энх-Оргил: Дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрээр овоглодог тул эртний баатруудын төрхийг харуулах гэж үс, сахлаа ургуулсан /ВИДЕО/

“Эртний монгол дайчдын түүхэн номуудыг уншиж тулааны сэтгэл зүйгээ бэлддэг. Би монгол хүн учраас дэлхийн хэмжээний тулааны тэмцээнд "монгол хүн, монгол баатар" ийм байсан юм шүү гэдгийг харуулах зорилгоор үс болон сахлаа ургуулсан” хэмээн ярих залууг Б.Энх-Оргил гэнэ. Google-д түүний нэрийг бичиж хайлт хийвэл сэтгэл хөдөлгөм ялалтын бичлэг, олон улсын сайтуудаас түүнийг магтсан нийтлэлүүдийг харж болно. 

Харин хувь хүний талаарх ярилцлага нэгээхэн ч үгүй. Учир нь тэр угаас даруу төлөв зан чанартай хэвлэл мэдээлэлд дургүй биш ч өөрийгөө онцлох нэгэн гэж боддоггүй тул өдийг хүртэл ярилцлага гэх зүйл хийхийг зорьж байсангүй гэх. Дээрх өгүүлэмжийг хүүрнэх залуу бол Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны аварга, Road to ONE Mongolia шоуны ялагч, ONE Championship-ын тулаанч Б.Энх-Оргил юм.

Түүний нэлээд хэдэн ялалт, бусдаас ялгарах гадаад үзэмжийг хараад хэдэнтэй ярилцлага хийх хүсэлт тавьсан ч эелдгээр татгалзсаар бараг нэг жилийн нүүрийг үзсэн ч энэ удаа их зан суугаагүй, эелдэг зан нь туслав уу. “Би өнөөдөр завтай байна. Удахгүй биз дээ. Уулзаж ярилцъя” гэх таатай мэдээтэй түүний ажлын байрыг зорьж, хэдэн хором ярилцсан юм.

Түүнийг сануулах үүднээс сүүлд түүний хийсэн Монголчуудын сэтгэлд шингэсэн нэг тоглолтыг нь дурдахад, Өнгөрсөн наймдугаар сард болсон "ONE Fight Night 13" тоглолтын үеэр “Lakay team”-ийн залуу од Жанло Марк Сангиаог ялж, уг амжилтаа "MGL-1 Fighting championship" 57 кг жингийн хошой аварга агсан О.Пүрэвт зориулж буйгаа илэрхийлсэн тоглогч бол Б.Энх-Оргил билээ.

ВИДЕО:

“Ярилцлага хэдээс дуусах бол би нэг үсчин орох гээд байгаа юм” хэмээн асууж биднийг угтав “Нэг их удахгүй байхыг хичээнэ ээ. Та арай үсээ тайруулах гэж байгаа юм биш биз дээ” гэхэд “Үгүй ээ жоохон гялалзуулж гангарах санаатай” хэмээгээд бидний ярилцлага эхэллээ.

Тамирчны насыг дурдаад илүүц байх. Бүдүүлэг хэрэг болох байх хэмээн асуухыг ч зорьсонгүй. Б.Энх-Оргил Ховд аймгийн Жаргалант сумын уугуул иргэн. Айлын дунд хүүхэд. Бага насандаа Ховд аймагт мал аж ахуйтай ойр монгол хүүхдүүдийн адил хөдөөгийн ахуйд өссөн. Арван жилээ Ховд аймгийн Гуравдугаар арван жилд төгсөж 2006 онд Улаанбаатар хотыг зорьжээ. Улмаас хотод ажил хийхийн хажуугаар бэлтгэл хийж өнөөдрийн байдалд ирээд байгаагаа дурдав.

Харин спортын гараагаа анх Ховд аймгийн Спортын ордонд чөлөөт бөхөөр эхлүүлжээ. Энэ талаар ярихдаа, Чөлөөт бөхөөр хичээллэж байхад хажуу талд таеквондогийн сургалт ордог байсан юм. Хүүхдүүд хашхирч юм өшиглөөд яг л миний үздэг тухайн үеийн зодоонтой кино шиг сонирхол татагдаж чөлөөтөөсөө таеквондо руу орж байлаа. Үүнээсээ мөн л спортын заалны ханан дээр байдаг бодибилдингийн гоё биетэй ах нарын зургийг хараад “эрэгтэй хүн ийм биетэй байвал гоё юм байна” гэж бодсоноо ажил хэрэг болгож, нэг үе фитнесээр хичээллэж нэлээд хэдэн тэмцээнд оролцож түрүүлж байсан. Энэ маань намайг одоогийн холимог тулааны спортод орох замд ч нөлөөлсөн. 2012 онд надад хөдөө байрлаж ажилладаг Оюу толгой компанид фитнесийн багшаар ажилд орох боломж олдсон юм. Тэнд одоогийн миний багш Жадамбаагийн Нарантунгалаг багшийн шавьтай танилцаж холимог тулааны спортод анх хөл тавьсан” хэмээв. 

Түүнийг холимог тулааны спортод татсан нэг сонирхолтой зүйл нь өмнө нь түүний хичээллэж байсан бүх спорт нэг л дутуу санагдаад дахиад өөр юм хиймээр ч юм шиг санагддаг байж. Тэгээд анх Ж.Нарантунгалаг багшийгаа хараад харц салгаж чадалгүй ширтэж байснаа чухам одоо ч нүдэнд нь харагдаж байгаа шинжтэй хуучлан. Учир нь Ж.Нарантунгалаг багшийнх нь хөл, гар, хүзүү гээд л бүх зүйл нь дайчин хүний шинж бүрдсэн жинхэнэ мэргэжлийн тулаанч хүний төрх харагдсан болохоор ийм л хүн болно хэмээн тус спортоор хичээллэж эхэлсэн аж. Гэхдээ замын дунд шантарч болих, өөрийгөө гайгүй тулалддаг гэж бодсон бодолдоо бүдрэх зэрэг олон замыг туулж эцэст нь 2016 онд эргэлт буцалтгүй тус спортыг сонгож мэргэжлийн түвшинд хичээллэж эхэлжээ. Одоо тэр "Аррэнжмент Вишн Энтертайнмент" гэх томоохон холбоотой урт хугацааны гэрээ байгуулаад байга юм. Энэ нь тамирчдын хувьд дээд түвшинд тоглож, монголынхоо нэрийг гаргах том боломж гэсэн үг. 

-Би таны тулааны бичлэгийн сэтгэгдлүүдээс уншиж байсан юм. “Энэ хүний царай зүс яг мэргэжлийн тулаанч шиг харагддаг өвөрмөц тулаанч” гэж. Тэгэхээр сонирхож асуухад та тулаандаа зориулж гадаад үзэмжээ бэлтгэсэн үү эсвэл зүгээр л таны байгаа байдал энэ юм уу?

-Тулаантай холбоотой байж болно. Би өөрөө түүхэн талын ном, зохиол унших дуртай. Тэгэхээр нэг тийм харьцуулалт толгойд буудаг. XIII зууны үеийн дайчин эрсийн дүр төрх, байдлыг одоо орчин үетэй харьцуулж явбал яагаад болохгүй гэж гэх бодол. Нөгөө талаас дээр үеийн дайн байлдаан нь орчин үед спорт болоод орон орны залуус өрсөлддөг боллоо гэж би ойлгодог. Тэгэхээр одоо үедби тулалдаанаараа дээр үеийн баатруудын дайчин чанарыг харуулах зорилготой. Дээр үед монголчууд сахал үсээ авдаггүй байсан шүү дээ. Бас сахал, үстэйгээ байхдаа айдасгүй тулалддаг юм шиг санагддаг.

Б.Энх-Оргил өмнө нь хүнд бэртэл авч байсан тул тамирчдын бэртлийн асуудалд эмзэг. Энэ нь түүний тулааны зарчмаас харагдана. Тэр өөрийгөө болон эсрэг тоглогчоо бага бэртээж тоглолтыг арга техникээр дуусгахын тулд бэлтгэлээ маш сайн хийдэг гэсэн юм. Түүний хувьд бэлтгэл хийхдээ өөр спортын залуу тамирчидтай тулж, туршлага хуримтлуулахын тулд Жю-Жицүгээр  хичээллэж, тэмцээн уралдаанд оролцоод амжжээ. Мөн тэрбээр “бэлтгэл гэдэг нарийн зүйл зүгээр нэг юм балбах биш шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх хэрэгтэй. Ер нь хараад байхад буруу бэлтгэл, хэт сагсуу байх зэрэг нь бэртэл гэмтэлд хүргэдэг юм шиг санагддаг" гэсэн юм. 

-Спортын талаар ярилцаж байгаа тул нэг асуулт нэмээд асууя гэж бодож байна. Найман сард болсон "ONE Fight Night 13" тоглолт таны  хувьд нэлээд хүнд тоглолт болж, туршлагаараа ялалт байгууллаа гэж хэлж байсан шүү дээ. Мөн тус тоглолтын ялалтаа “Ардын хүү О.Пүрэв агсанд зориуллаа” гэсэн та хоёрын хувьд найз нөхдийн харилцаатай байв уу эсвэл тамирчныхаа хувьд хүндэтгэл үзүүлэв үү?

-О.Пүрэв агсан бид хоёр нэг багшийн шавь, клубийн найзууд байсан. Хамтдаа хамраасаа цус гартал үзэлцээд л дараа нь ярьж суудаг байсан. Тэмцээнд орохын өмнө фейсбүүк үзэж байгаад мэдээг нь хараад дотор эвгүйрхээд явчихсан. Итгэдэггүй юм байна лээ. Бид хоёр нэг жингийн хүмүүс болохоор бүр хэцүү. Тэгээд л тэмцээндээ илүү хичээх шаардлага үүссэн. Найзынхаа харамсалтай мэдээний араас бас нэг монгол тамирчин ялагдлаа гэх мэдээ гарвал онцгүй шүү дээ. Ядаж тэр хүн байхгүй ч гэсэн түүний дурсгалд зориулаад ялна даа гэсэн бодолтой хичээсэн.

-Харин тулааны хувьд ширүүн өрсөлдөгчтэй таарсан шүү дээ?

-“Lakay team”-ийн залуу од Жанло Марк Сангиаогын хувьд нэлээд сайн тамирчин. Яг тэр клубийнхээ дасгалжуулагчийн хүү байсан. Нийт гурван тулаан хийж, ялсан залуу байсан. Бид хоёр гурван үе тулалдахаар таарсан. Миний хувьд өмнө нь гурван үе тулалдаж үзээгүй. Нэг үе тулалдах, гурван үе тулалдах хоёр шал өөр байдаг. Тиймээс нэлээд судалж, гэнэтийн тэсэрсэн үйлдлийг нь сайн хамгаалаад хоёрдугаар үеийн дундаас Сангиаог ерөнхийдөө больж эхэлнэ гэж багштайгаа тооцоо гаргасан. Яг тооцоолсноор болсон. Залуу хүүхэд учир би хөдөлгөөнийг нь гүйцэхгүй жоохон хоцорсон. Яг тоглолтын үеэр нэгдүгээр үе дуусаж, хоёрдугаар үе эхлэхэд нүднийх нь харц өөрчлөгдчихсөн байсан. Нэг тийм гайхсан байдалтай. Дээрээс нь өөрөө бас намайг хэтэрхий бассан байсан л даа. “Нэгдүгээр үед ялна намайг өөрийнх нь түвшний тамирчин биш” гэж хэлж байсан. Би Сангиаог бодвол хамаагүй илүү туршлагатай тэвчээр хатуужил ямар байдгийг мэднэ, хүнд хэцүү байдал ямар байдгийг мэднэ шүү дээ.

-Та түрүүн яриандаа Оюу толгойд ажилд орж байсан гэсэн. Саяхан Оюу толгойн "Уурхайчин" сэтгүүлд таныг онцолсон байна лээ. Та тэнд ажилладаг юм уу?

-Спортоор дагнасан ч амьдрах хэрэгцээ байна. Тиймээс түүндээ уялдуулж заавал ажил хийх ёстой болно шүү дээ. Ажил хийнэ хажуугаар нь бэлтгэлээ алдахгүй явна. Тиймээс би 2012 онд анх Оюу толгойд фитнесийн багшаар ажиллаж боломж олдож, түүнээсээ уурхай руу шилжиж, гүний уурхайд ажиллаж, дараа нь оператор болоод одоогоор Оюу толгойн ложистикийн хэлтэст шилжин ажиллаж байна. Энэ бүхний хажуугаар бэлтгэлээ мөн тасалдуулахгүй явсан. Үүнийг үнэлж Оюу толгойн онцлох ажилтан гэдэг сэтгүүлд намайг гаргасан. Ерөнхий санаа нь ажлын хажуугаар хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж байдаг шүү гэдгийг харуулахыг зорьсон.

Гэхдээ одоо ажлаа түр орхихоор шийдвэрлээд байгаа. Яагаад гэвэл өндөр зэрэглэлд тоглох учраас бэлтгэл маш хэрэгтэй байгаа. 14 хоног яваад 14 хоног ирээд байхаар түвшин ахихгүй. Энэ нь дундын зэрэглэлд бол болоод байдаг ч яг өндөр зэрэглэлд тоглоход яах араггүй болохгүй.

-Гаднын клубүүдээс санал ирдэг үү. Мөн холбоодоос гэрээний санал хүлээж авч байна уу?

-Үндсэн тулааны зарчимд эхлээд Монголдоо монголынхоо аварга болох ёстой байдаг. Багш маань бас “Чи монголынхоо аварга болоогүй байж яаж гадагшаа тоглох юм. Эхлээд монголдоо монголынхоо аварга бол дараа нь батал. Үүний дараа гадагшаа ямар ч дэвжээнд тоглож болно. Үгүй бол гаднынхан чамайг яаж хүндлэх үү. Чи өөрөө аварга болоогүй байж яаж Монголын нэрийг барьж тоглох юм” гэсэн. Тэгээд ямартай ч би Монголдоо аварга болсон. Аварга аа бас хамгаалсан. Үүний дараа тэмцээн уралдаан байхгүй. Гэрээ байхгүй жаахан удаж байтал “ONE Championship” шоу болж тэрэнд орох боломж олдсоноор ялалт байгуулж, эрхээ авсан. Одоо томоохон холбоонд харьяалагдаж байна.

-Дараагийн тоглолт нь хэзээ вэ. Холбооноос нь тоглолт товлосон байгаа юу?

-Он гараад тулаанаа хийнэ. Үндсэн хоёр дахь, нийт дөрөв дахь тулаанаа хийх гэж байгаа. Холбоо цаанаас нь тохируулна. Өөрөө бас бэлтгэл сайтай тулалдахад бэлэн гэдгээ бас хэлнэ.

-Та ер нь их даруу яриатай хүн шиг санагдлаа. Амжилтаа үнэлдэггүй ч юм шиг.

-Би чинь одоохондоо дэлхийн аварга ч юм уу мундаг амжилттай яваа хүмүүсийн хажууд жижиг хүн шүү дээ. Гэхдээ өнгөрсөн тоглолтууд маань хүмүүст нэлээд хүрсэн юм байна лээ. Гадуур явахаар хүмүүс таниад нааштай хүлээж авдаг. Тэр болгонд нь урам зориг авч баярлана. Аан болж байгаа юм байна. Илүү хичээж сайн тоглолт гаргахгүй бол бас болохгүй юм байна гэсэн хариуцлага бас байгаа. 




Өнөөдөр үхэр өдөр

54 минутын өмнө