Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурч, эрс хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, цасан шуурч, эрс хүйтэрнэ

Өнөөдөр Дорноговийн зүүн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Нутгийн зүүн өмнөд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун, төвийн  аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 6-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.