Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлал үзүүлсэн Ц.Мянганбаярын хэрэгт прокурор эсэргүүцэл бичиж, тэрбээр үргэлжлүүлэн хоригдож магадгүй болжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын уучлал үзүүлсэн Ц.Мянганбаярын хэрэгт прокурор эсэргүүцэл бичиж, тэрбээр үргэлжлүүлэн хоригдож магадгүй болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар уучлалд хамрагдсан олны анхаарлын төвд байсан хэд, хэдэн хүн өнгөрсөн есдүгээр сард хорих ангиас суллагдсан нь олны анхаарлыг татаж, басхүү эсэргүүцэлтэй тулгарсан билээ. 

Тодруулбал, хүн амины хэргээр хорих ял эдэлж байсан Б.Махбал,  бусдыг залилан мэхэлсэн хэргээр зургаан жилийн хорих ял сонссон “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр нарын хүмүүсийг магадланд оруулж, шүүгчийн захирамжаар сулласан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Магадгүй энэ ч үүднээс дээд шатны прокурор Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байхыг үгүйсгэхгүй. 

Ямартай ч прокурор эсэргүүцэлдээ “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэж үзсэн байдаг.

Тус эсэргүүцлийг өнгөрсөн долоо хоногт /2023.10.26/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд Б.Махбалыг сулласан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, түүнийг нэн даруй цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар түүнийг тухайн өдрийн орой нь шүүгчийн мэдэгдэх хуудсаар цагдан хорьсон билээ. 

Тэгвэл энэ бүхнээс үзэхэд, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлд хамрагдаж, улмаар хугацаанаасаа өмнө суллагдсан "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр нар ч прокурорын эсэргүүцлээр үргэлжлэн хоригдож магадгүй гэх мэдээлэл байна.  

Учир нь Б.Махбал, Ц.Мянганбаяр нар нь Ерөнхийлөгчийн уучлалд хамрагдаж, улмаар хугацаанаасаа өмнө магадланд орж суллагдсан байдаг юм. Тиймээс хууль хүн бүрд эрх тэгш, шударга үйлчлэх ёстой. Энэ зарчмаар Ц.Мянганбаярын хэрэгт дээд шатны прокурор мөн эсэргүүцэл бичиж, шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргах магадлалтай гэж хуульчид үзэж байгаа аж.