Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарласан. Учир нь 2022 онд Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Улмаар өчигдөр /2023.10.26/ НДЕГ-ын даргын албан тушаалд Л.Мөнхзулыг томиллоо. Тэрбээр өчигдөр /2023.10.26/ үүрэгт ажлаа хүлээн авч, тамгаа гардсан байна. Түүний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэгвэл Л.Мөнхзул нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтад ганцаараа бүртгүүлж, ганцаараа шалгалт өгөөд тэнцжээ. Тухайлбал, Л.Мөнхзул нь тус бүр нь 10 оноо авах шалгалтад 4-7 оноог тус бүр нь авсан байна.
Тодруулбал;
- Хууль, эрх зүй, бодлогын баримт бичгийн талаарх мэдлэг-7 оноо
- Дүн шинжилгээ хийх чадвар-7 оноо
- Асуудал шийдвэрлэх чадвар- 4 оноо
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар-7 оноо
- Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах, төсөв, санхүү, хүний нөөц, гүйцэтгэлийн удирдлага-42.90 оноог авч, нийт 67.90 оноог авсан байна.
Хачирхалтай нь уг албан тушаалд зарласан сонгон шалгаруулалт болон шалгалтад Л.Мөнхзулаас өөр хүн бүртгүүлээгүй нь анхаарал татаж байгаа бөгөөд тэрбээр бусадтай өрсөлдөхгүйгээр тус албан тушаалд томилогджээ.