Өнгөрсөн шөнө гал түймэрт өртөж долоон иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Баганарангийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 26-ны өдрийн 03:47 цагт ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход 7х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшин, 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг 04:50 цагт тархалтыг зогсоож, 06:30 цагт бүрэн унтраасан. Нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажилласан. Уг гал түймэрт нийт 7 хүн өртөж нас барсан тул хэргийн газрыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч иргэдийн мэдээллийг тодруулж байна гэж ОБЕГ-аас мэдээлжээ.
Мөн НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өгөхөөр өнөөдөр /2023.10.26/ 10:00 цагт хэвлэлийн хурал зарласан байна.