УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад 2кг будаа, гурил өгч сонгуулийн суртачилгаагаа эхлүүлжээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахмадуудад 2кг будаа, гурил өгч сонгуулийн суртачилгаагаа эхлүүлжээ

Энэ сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ахмадуудыг Улаанбаатар паласд цуглуулж гарын бэлэг тараажээ. Өнгөрсөн сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж УИХ гишүүн болж байсан түүнийг Оргил супермаркетийн эзэн гэдгийг хүн бүхэн андахгүй.

Уулзалтын үеэр тэрээр “Баянгол дүүрэг хүн ам ихтэй түүний цөөхөн хувь нь МАН-ын гишүүн юм билээ. Бид бүгд гишүүнээр элсэж улс орондоо хувь нэмэр оруулах нь зүйтэй” хэмээгээд 2кг будаа, 2кг гурил, нэг уулт чихэр өгчээ.

Ийм багахан бэлэг өгч сонгогчдын санал авах гэсэн аргаараа тэрээр гаршсан нэгэн. Мөн ахмадуудад бэлэг өгсний маргааш өдөр нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг улсын цэцэрлэгийн хүүхдүүдэд амт, чанар муутай хямдхан бэлэг өгсөн нь эцэг, эхчүүдийн дургүйцлийг хүргээд авсан гэнэ. Учир нь цэцэрлэг сургуулийн багачууд ханиад томуу ихтэй үед чихэрлэг зүйл өгөхийг эмч нар хориглосон байтал сонгууль дөхсөн энэ үеэр цэцэрлэгийн хүүхдүүдэд хямдхан чанаргүй бэлэг өгч эцэг эхчүүдийнх нь саналд нөлөөлөх гэсэн явуургүй арга байсныг иргэд шүүмжилж эхлээд буй.

-ӨНГӨРСӨН ЖИЛ АХМАДУУДАД ГУРИЛ, БУДАА ТАРААХ ҮЕЭР НЬ 83 НАСТАЙ БУУРАЛ НАС БАРЖ БАЙВ-

Өнгөрсөн жилийн нэг сарын 27-ны өдөр мөн л УИХ гишүүн Ж.Ганбаатар нь Улаанбаатар паласын их танхимд олон мянган ахмадуудад будаа, гурил тараасан байдаг. Энэхүү арга хэмжээ нь зохион байгуулалт муу байснаас үүдэн танхим дүүрэн олон мянган ахмадуудыг тайзны баруун талд ирж гурил, будаагаа авахыг хүссэнээр эмх замбараагүй байдал үүссэн. Улмаар 83 настай буурал хүүгийнхээ нүдэнд олны хөлд дарагдан нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаад тэгэсхийгээд дарагдаад, хаагдаад өнгөрсөн. Мөн уулзалтын үеэр тараасан гарын бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, чихэр тус бүр нэг кг байсан гэдэг юм билээ.

-МАН-ЫН ГИШҮҮНД ХҮН ЭЛСҮҮЛЭХ ЮМ БОЛ 300 МЯНГАН ТӨГРӨГ ӨГНӨ ГЭЖЭЭ-

Түүгээр ч зогсохгүй тус дүүргийн ахмадуудыг МАН-ын гишүүнд шинээр хүн элсүүлэх юм бол 300 мянган төгрөг өгөхөө мэдэгдээд авчээ. Баянгол дүүргийн ахмадууд гэлтгүй нийт хүн амын ихэнх хувь нь амжиргааны төвшин доогуур, хүн амын 80 гаруй хувь нь  ямар нэгэн зээлтэй, ахмад настангуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байдлыг ашиглаж сонгуулийн суртачилгааг хямдхан төсөр аргаар явуулсаар ирсэн.

Өдрийн хоолоо арай хийж залгаж буй ахмадууд болон иргэд  энэхүү 2кг уут гурил, будаанд талархан суугаа. Гэтэл тэд тойруу утгаар намайг дэмжих юм бол жил бүр будаа гурил өгөхөө хэлээд явж байгаа юм. Сонгууль дөхөж УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо эрчимтэй ажиллаж эхэлсэн. Эрчимтэй гэдэг нь хүн хуурсан 1-2кг гурил будаа тараагаад эхэлсэн билээ. Сонгогдсон тойрогтоо үзэгдэхгүй байсаар сонгуулийн өмнө гэнэт гарч ирж ийнхүү нэг өдрийн хоолны бараа бүтээгдэхүүн тарааж ард иргэдээ доромжлон тохуурхсан үйлдэл гаргасаар байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР СОНГУУЛИЙН ТУХАЙ ЗААЛТУУДЫГ БҮГДИЙГ НЬ ЗӨРЧИЖ БАЙНА-

Ж.Ганбаатар нь 2016 онд сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан нь хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоод Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захиргааны арга хэмжээ авхуулж байжээ. Гэсэн ч түүнд хууль үйлчилдэггүй бололтой. Аливаа баяраар Баянгол дүүргийн хүүхэд, ахмад настангуудад хямдхан гарын бэлэг тараасаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын энэхүү увайгүй үйлдэл нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 3-р зүйлийн 3,1,10 дахь хэсэгт зааснаар “эп мөнгөөр татах”, 3,1,-11-т зааснаар сонгогчийн санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан. Мөн 70-р зүйлийн 70,1 дэх хэсэгт зааснаар “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээдийг сонгогчийн саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглоно. 70 дугаар зүйлийн 70,1,1 дэх хэсэгт зааснаар “мөнгө болон эд зүйл тараах” 70,1,3-т аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх, 70,1,4 дэх хэсэгт Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагын тоглолт хүлээн авалт, дайллага, цайллага, бооцоот мөрийтэй тоглоом зохион байгуулах болон ивээн тэтгэхийг хориглоно гэсэн тодорхой заалтуудыг зөрчиж буй юм.