ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: Сургуулийн автобусаар хичээлдээ явдаг хүүхдүүдэд байршил тогтоогч GPS-тэй бугуйвч зүүлгэнэ

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: Сургуулийн автобусаар хичээлдээ явдаг хүүхдүүдэд байршил тогтоогч GPS-тэй бугуйвч зүүлгэнэ

-ЭЦЭГ, ЭХЧҮҮД ГАР УТСААРАА ХҮҮХДИЙНХЭЭ ХААНА ЯВЖ БУЙ
МЭДЭЭЛЛИЙГ АВДАГ БОЛНО-

Нийслэлийн сургуулиудын сурагчдын II дугаар улирлын амралт энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Сурагчид нийт гурван долоо хоног амраад ирэх нэгдүгээр сарын 10-ны өдөр хичээлдээ орох юм. Хичээл орохтой зэрэгцэн сурагчдад зориулсан нэгэн шинэ үйлчилгээ нэвтэрч буй нь “СУРГУУЛЬ БҮР СУРАГЧДЫН АВТОБУСТАЙ” болж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулан сургуулийн автобусыг өнгөрсөн арваннэгдүгээр сараас явуулж эхэлсэн. Гэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүхий л сургууль бус 29 сургуульд л туршсан юм. Туршилтын ажил амжилттай болж олон нийт талархалтай хүлээн авсан билээ. Тэгвэл нэгдүгээр сарын 10-ны өдрөөс дээрх 29 сургуулиас гадна нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ихэнх сургууль сурагчдаа зөөх автобустай болох нь.  

Мөн сургуулийн автобусаар үйлчлүүлэх сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс байршил заагч GPS-тэй бугуйвч зүүлгэх юм байна.

-АППЛЕЙКШНИЙГ ХЭРХЭН АЖИЛЛУУЛАХ ЗААВРЫГ БАГШ ТАНИЛЦУУЛАХ
СУРГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА-

Ингэснээр эцэг, эхчүүд өөрийн гар утсан дахь апплейкшнээр дамжуулж хүүхдийнхээ хаана явж буй мэдээллийг гар утсандаа авдаг болох юм.

Тодруулбал, уг бугуйвчийг хүүхдэдээ зүүлгээд апплейкшн дээрээ бүртгэснээр хүүхдийнхээ мэдээллийг өөртөө авах юм. Хүүхэд автобусанд ороод бугуйвчаа уншуулна. Ингэснээр хүүхэд автобусандаа суусан эсэх мэдээлэл эцэг, эхчүүд болон багш нарт очих аж. Мөн хүүхэд сургууль руу гаа ороод бугуйвчаа уншуулснаар сургууль дээрээ байгааг мөн мэдэх боломжтой болж байгаа аж.  Хүүхэд бүрийн бугуйвчний дугаар давтагдахгүй бөгөөд нууцлал сайтай учраас таны хүүхдийн мэдээлэл таньд л хүрэх юм байна.

Яг одоогийн байдлаар уг үйлчилгээний талаарх танин мэдэхүйн мэдээллийг багш нарт танилцуулж, хэрхэн ашиглах зааврыг нь зааж байгаа юм байна. Үргэлжлүүлэн эцэг, эхчүүдэд апплейкшнийг хэрхэн ашиглах талаарх мэдээллийг багш нар өгөх юм.

С.ЧИНЗОРИГ: АВТОБУС ХҮЛЭЭЖ 20-30 МИНУТ ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО

Уг асуудлаар Нийслэлийн мэдээллийн, технологийн хэлтсийн дарга О.Чинзоригоос мэдээлэл авлаа.

-Байршил тогтоогч GPS-тэй бугуйвчийг эхний ээлжинд хэдэн хүүхдэд өгөх вэ?

-4000 хүүхдэд өгнө. Үр дүнг нь харж байгаад ирэх оноос тоог нь нэмэгдүүлэх байх. Ирэх оноос 200 автобусыг сургуульд явуулна гэж байгаа шүү дээ. Одоохондоо нэвтрүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил явагдаж байна. Сургалт, сурталчилгаа, хүүхдүүдийн бүртгэл гээд нэлээн их ажил хийгдэж байгаа юм. Бугуйвчийг тараахад бэлэн. Харин сургуулийн автобусаар үйлчлүүлэх хүүхдүүдийг бүртгэх, бугуйчинд хүүхдүүдийн мэдээллийг суулгах, багш нарт уг үйлчилгээг танилцуулах гэх мэт процессын ажил хийгдэж байна. Түүнээс техникийн ажил дууссан.

-Байршил тогтоогч GPS нь хэрхэн ажиллах вэ?

-Хүүхэд автобусанд ороод бугуйвчаа уншуулахад таниад мэдээллийг нь эцэг, эхийнх нь гар утсан апплейкшн рүү дамжуулна. Сургууль руугаа ороход мөн бугуйвчийг нь мэдрээд мэдээллийг нь дамжуулах юм. Автобус хэзээ ирж буйг мэдэхгүй учраас хүүхдүүд 20-30 минут хүлээх тохиолдол их гардаг. Автобус өөрөө GPS-тэй учраас хаана яваа мэдээлэл нь мөн эцэг, эхчүүдэд очно. Тэгэхээр ингэж хүлээх шаардлагагүй болж байна.

-Бугуйвчаа хаанаас авч байгаа вэ?

-БНХАУ-аас авч байгаа. Гадаадаас авахаас өөр арга байхгүй. Эхний ээлжид одоо байгаагаа тараана. Дараа нь дотоодоосоо авах боломж олдвол болж л байна. Манайд их үнэтэй хийдэг.

-Бугуйвчний чанарт эцэг, эхчүүд их анхаарал хандуулах байх. Чанарын талаар мэдээлэл өгөөч?

-Би өөрөө зүүгээд тестлээд явж байна. Гайгүй чанартай юм байна лээ. Цагтай бугуйвч ч байна. Гэхдээ бид эхний ээлжинд хямдаар шийдэж зүгээр л бугуйвч тарааж байгаа юм. Карт өгч байхаар бугуйвч байсан нь хүүхэд хэрэглэхэд амар гэж үзсэн.

-Хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгч байгаа юу?

-Үнэгүй тараана.

-Нэг бугуйвч хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Ганц бугуйвч биш мэдээлэл суулгах ажлууд хийгдэж байна. Дотоодын компаниуд тэр ажлыг нь хийж байгаа.

Сургуулийн автобусыг явуулсан нэг сарын хугацаанд түгжрэл 3 хувиар буурсан судалгаа гарчээ. Ирэх оноос 200 автобусыг сургуульд явуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ингэснээр түгжрэлийг 15-16 хувиар бууруулна гэж тооцоолсон байна. Сургуулийн автобусыг туршсан нэг сарын хугацаанд давхардсан тоогоор 115 мянган хүүхэд үйлчлүүлжээ.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө