Монголын боксын холбоо: Б.Бат-Эрдэнэ сайдын мэдэгдэл бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна

Монголын боксын холбоо: Б.Бат-Эрдэнэ сайдын мэдэгдэл бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна

Азийн 2022 зуны спортын наадамд оролцсон Монгол Улсын боксын тамирчин Б.Чинзоригоос дэлхийн допингийн эсрэг байгууллага ВАДА-гийн хоригт орсон бодис илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар өчигдөр /2023.10.19/ болсон Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Спортын сайд Б.Бат-Эрдэнэ допингийн асуудалтай холбогдсон спортын хороог төрөөс санхүүжүүлэхгүй хэмээн Монгол боксын холбооны санхүүжилтийг зогсоох албан бичиг хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Монголын боксын холбоо тайлбар мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, Монголын боксын үндэсний шигшээ баг БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн 19 дүгээр наадамд амжилттай оролцсон. Зуны Азийн наадмын медаль авсан тамирчдаас допингийн шинжилгээ авсан бөгөөд боксын үндэсний шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзоригоос авсан сорьцоос хориотой бодис илэрсэн тухай мэдээллийг Олон улсын шинжилгээний агентлагаас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр тамирчинд ирүүлсэн.

Монголын боксын спортын 75 жилийн түүхэнд допингтой нэр холбогдсон, шигшээ багийн тамирчдаас допинг илэрсэн тохиолдол огт гарч байгаагүй бөгөөд Монголын боксын допингийн эсрэг онцгой анхаарал тавьж ажилладаг. 

Олон улсын шинжилгээний агентлагаас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монголын Боксын холбооноос холбогдох дүрэм журмын хүрээнд зохих ажиллагааг хийж ажиллаж байгаа бөгөөд нэр бүхий тамирчны зүгээс Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон WADA-с баталсан дүрмийн дагуу Олон улсын спортын арбитрт хандан үүсээд буй асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр болсноо мэдэгдсэн. Иймд олон улсын спортын арбитрын эцсийн шийдвэрийн үндсэн дээр МБХ-оос дараа дараагийн арга хэмжээг авч ажиллах болно.

Допингийн асуудалд холбогдсон тамирчны асуудал бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Монгол Улсын спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү мэдэгдэл нь МБҮШБ-ийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц, цаашлаад шигшээ багийн нийт тамирчин, багш дасгалжуулагч болон боксын спортоор хичээллэдэг хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна.

Бид Парис-2024 олимпын наадам хаяанд ирсэн чухал цаг үед шигшээ багийн эрх ашгийг хөндсөн энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд уг шийдвэрээ дахин харж, нягтална гэдэгт найдаж байна” гэжээ.