Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Энэтхэгийн Мумбай хотноо өнөөдөр /2023.10.13/ боллоо.
Хурлын эхний өдөр гурван тамирчны иргэншил солих асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, дараах гурван тамирчин ирэх Парис, Миланы өвөл, зуны олимпод иргэншлээ солин оролцохоор болов.
- Максин Эстебан /туялзуур сэлэм/ – Филиппинээс Зааны ясан эрэг рүү,
- Саид Моллай /жүдо/ – Монголоос Азербайжан руу,
- Кэмпбэлл Райт /биатлон/ – Шинэ Зеаландаас АНУ руу шилжив.
Дүрэм зааснаар иргэншлээ сольсон тамирчин гурван жилийн хугацаанд тухайн улсаа төлөөлөн тэмцээн, уралдаанд оролцох эрхгүй байдаг ч олон улсын спорт холбоод болон үндэсний олимпийн хороод урьдчилан зөвлөлдсөний эцэст дээрх хугацааг хүчингүй болгожээ.
Сонирхуулахад, Саид Моллай нь "Токио-2020" зуны олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртэж байсан билээ.