Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан БНСУ-ын “Daewoo” үйлдвэрийн ногоон автобусуудыг Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-ны өдөр оруулж ирсэн. Оруулж ирсэн цагаас эхлэн шинэ биш хуучин, 2023 онд биш 1993 онд үйлдвэрлэгдсэн, Вьетнамд засварт оруулсан бөгөөд арлын дугаар, оныг засварлаж бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдсэн гэх асуудал үүссэн нь үнэн болж, нэг бүрийг нь 400 орчим сая төгрөгөөр буюу шинийн үнээр хуучныг оруулж ирсэн нь нотлогдсон.
ВИДЕО:
-ШИНИЙН ҮНЭЭР ХУУЧНЫГ ОРУУЛЖ ИРСЭН ГЭХ АСУУДЛААС БОЛЖ Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР НАР ҮҮРЭГТ АЖЛАА ӨГӨВ-
Энэ хэрэгтээ холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шинэ автобус оруулж ирэх тендерт шалгарч хуучин автобус оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг, тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулаад байгаа юм. Улмаар “Daewoo” үйлдвэрийн автобусууд тендерийн шаардлагад нийцэхгүй байгаа тул буцааж, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг Нийслэлийн зүгээс шаардсан. Иймд ногоон автобусуудыг БНСУ руу, үйлдвэр лүү нь буцаах ёстой. Гэвч одоог хүртэл тус автобусуудыг буцаалгүй Авлигатай тэмцэх газраас лацдаж, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хашаанд хадгалсаар байгааг бид газар дээрээс нь сурвалжиллаа.
-ЯАРАЛТАЙ БУЦААХ ЁСТОЙ НОГООН АВТОБУСУУДЫГ “ТЭНҮҮН-ОГОО” ХХК-ИЙН ХАШААНД ХАДГАЛСААР БАЙНА-
Бид “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ажилтнуудаас тодруулахад, “АТГ-ын мэргэжилтнүүд ирээд бүгдийг нь лацдаж, битүүмжлээд явсан. Бид өөрсдөө ч нэвтрэх боломжгүй байгаа. Одоогоор буцаах талаар яриагүй байна. Цаашид яахыг бид мэдэхгүй. Ямартай ч нэг нь ч нийтийн тээвэрт гараагүй. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Уг нь хуучин ногоон автобусуудыг цаг алдалгүй яаралтай буцааж, өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирэх ёстой. Гэвч ямар учраас АТГ-аас лацдаж, хэнийг ч нэвтрүүлэхгүй болгочхоод, ийнхүү “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хашаанд хадгалсаар байгаа нь сонин. Ямартай ч энэ өвөлдөө амжиж автобусны парк шинэчлэлт хийх ажил амжих эсэх нь тун эргэлзээтэй болж ирэв.