Бусдын нүцгэн зургийг хууль бусаар олж авч, улмаар түүгээр нь сүрдүүлж, заналхийлсэн хэрэг Өмнөговь аймагт гарчээ. Тодруулбал, Д.А гэгч нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байхдаа Б.Н гэх эмэгтэйн нүцгэн зургийг хууль бусаар олж авч, уг зургаар нь түүнийг сүрдүүлж, заналхийлсэн байна.
Ингэхдээ тухайн этгээд нь Б.Н-аас 3.5 сая төгрөгийг өгөхийг шаардсан бөгөөд хэрэв өгөхгүй бол "Нүцгэн зургийг нь нөхөр болон ажлын хамт олонд нь явуулж, тараана" хэмээн сүрдүүлжээ. Үүнээс нь айсан эмэгтэй Д.А гэгчид 2.5 сая төгрөгийг түүнд өгсөн байна.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос тухайн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн аж.
Тус хэргийг энэ сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ. Шүүхээс хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж, тухайн этгээдэд 600 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна. Иймд цахим орчинд хувийн нууцад хамаарах мэдээллээ оруулахгүй, бусдад алдахаас сэргийлэхийг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.