Б.Энхбаяр: Долоо хоногийн дотор хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн нь сэтгэл түгшээж байна

Б.Энхбаяр: Долоо хоногийн дотор хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн нь сэтгэл түгшээж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд  үүрэг болгосон. Энэ асуудлыг урьдчилсан байдлаар Даваа гарагийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүргүй хандахыг хүсэж байна. 

Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өдөр болгон гэмт хэрэг, зөрчлийн улсын статистик мэдээлэлтэй өглөө болгон танилцдаг. Өнөөдөр өглөө долоо хоногийн гэмт хэрэг, статистикийн мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар өссөн бол хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар өссөн байна. Мөн хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна" гэдгийг тодотголоо.

Мөн тэрбээр "Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг олон нийтэд шүүлтүүргүй түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст гэмт хэрэг хийх сэдэл болдог бөгөөд эсрэгээрээ энэ төрлийн хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл болж байгаа нь биднийг түгшээж байна. Тийм учраас хамтдаа энэ асуудлыг дэвэргэхгүй байх, тодорхой төрлийн гэмт хэргийн талаар аль болох сэтгүүл зүйн ёс зүйг баримтлан ажиллахыг та бүхнээсээ хүсэж, гуйх байна" гэлээ.