Баян-Өлгий аймгийн газар нутгийн нэрийг казах болгон сольж, улсын бүртгэлд бүртгэсэн хэргээр тус аймгийн удирдлагуудыг хуулийн байгууллагаас шалгаж байсан билээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын Нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият нарын хүмүүсийг Шинэ айл багийн нэрийг Жана-Аүл, Улаанхус сумын Улаан эрэг багийн нэрийг Каызыл-Жар, Сагсай сумын Өмнөгол багийн нэрийг Өмнөговы зэргээр казах болгон өөрчилсөн гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Тэгвэл тус хэргийг мөрдөн байгууллагаас шалгаж, улмаар прокуророос Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Улсын Дээд шүүхээс тус хэрэгт харьяалал тогтоож, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуваарилажээ. Тус хэргийг шүүх хурал удахгүй товлогдож аж.