Нийгмийн сэтгэл зүй "цочрол"-д орсон энэ үеийг далимдуулж "нийтээр нь ялтан болгох" хуулийг МАН батлах гэнэ

Нийгмийн сэтгэл зүй "цочрол"-д орсон энэ үеийг далимдуулж "нийтээр нь ялтан болгох" хуулийг МАН батлах гэнэ

Дорноговь аймгийн Сайншанд суманд алга болсон 12 настай охинд тохиолдсон харамсалтай хэрэг явдал монголын нийгмийг тэр чигт нь цочролд оруулаад байна. Иймд иргэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгтнүүдэд оногдуулах ялын бодлогоо чангатгахыг шаардаж эхлээд байгаа. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд шинээр томилогдоод буй Хууль зүйн сайд Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс “завгүй” ажиллаж, эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

ВИДЕО: 

-СОГТУУРЛЫН ХЭМЖЭЭГ ХЭМЖИХГҮЙГЭЭР НИЙТЭЭР НЬ “ЯЛТАН” БОЛГОНО ХЭМЭЭН Б.ЭНХБАЯР САЙД МЭДЭГДЭВ-

Ингэхдээ “гуя дагуулж хүзүү” гэгчээр нийтээр нь “ялтан” болгох хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, Хууль зүйн сайд Б.Энхбаяр энэ талаар мэдээлэл хийхдээ, “Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамаараад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зөрчлөөр торгуулсан 30-33 мянган хүн манай улсад бий. Монголд дунджаар 26 мянган гэмт хэрэг нэг жилд бүртгэгддэг. Энэ тоо хамгийн багадаа шууд хоёр дахин нэмэгдэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дөрвөн ялын бодлого үйлчилнэ. нэгдүгээрт, 450 мянгаас 15 сая төгрөгөөр торгох, хоёрдугаарт, Зорчих эрхийг хязгаарлах, гуравдугаарт, Нийтэд тустай ажил хийлгэх, дөрөвдүгээрт, Хорих гэсэн дөрвөн ялын бодлогыг хэрэгжүүлнэ. Аль ялын бодлогыг хэрэглэх вэ гэдгийг шүүгч шийднэ” гэсэн юм. 

Товчхондоо, айраг балгаад, дарстай шоколад үмхээд автомашины хүрдний ард суусан л бол “ялтан” болж үлдэнэ гэсэн үг. Нөгөө талаар 0.19 бүхлээс дээш бол замын хөдөлгөөнд оролцох эрсдэлтэй буюу согтуу гэж хариуцлага тооцдог.

Гэтэл Б.Энхбаяр сайд энэхүү хэмжигдэхүүнийг хөндөхгүйгээр, “Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээс үл хамаарна” гэдгийг тодотгосон юм. Мөн түүний хэлснээр, “Монголд нэг жилд бүртгэгддэг гэмт хэрэг хоёр дахин нэмэгдэж, 60 мянга” болох аж. Энэ нь нийтээрээ ялтан болох нь гэсэн хардлагыг ч төрүүлж байгаа юм. Иймд Б.Энхбаяр сайдыг зарим иргэд “хүний эрхийн мэдрэмжгүй” хэмээн шүүмжилж байна.

-БУСАД ОРНУУД "СОГТУУ ЖОЛООЧ"-ИЙГ ТЕХНОЛОГИЙН АРГААР ШИЙДЭХ ГЭЖ БАЙХАД МАНАЙ УЛС ЯЛТАН БОЛГОЖ ШИЙДЭХ ГЭНЭ-

Нөгөө талаар нийтийн эрх ашгийн төлөө хэн нэгэн улс төрч хувийн маркетингаа хийж болохгүй. Учир нь хуулийн төсөлд 0.19 дээш бол ийм, ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн бүх зүйл нь тодорхой, нөгөө талаар иргэдийн саналыг сайтар сонсож, хуульд оруулах шаардлагатай.  Мөн архи хэрэглэх болоод замын тээврийн осол гарч буй гол шалтгаануудыг сайтар судлах шаардлагатай. Тухайлбал, иргэд архи ихээр ууж байгаагийн нэг шалтгаан нь ядуурал гэж дүгнэх нь бий. Энэ тохиолдолд сүүлийн 30 жил энэ улсыг удирдаж буй МАН-тай хариуцлага ярина. Нөгөө талаар зам тээврийн осол гарч буй өөр нэг шалтгаан нь "буруу" буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин гэдэг.

Тодруулбал, замын хөдөлгөөний дүрэм нь зүүн талдаа жолооны хүрдтэй автомашиныг зохицуулсан хэрнэ нийт автомашины 70 орчим хувийнх нь жолооны хүрд баруун талдаа гарчхаад байгаад учир байгаа гэдэг.

Хамгийн ноцтой нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн улмаас иргэдийн сэтгэл зүй цочролд орсон яг энэ цаг үеийг далимдуулаад эрх баригчид олон жил ярьж буй "нийтээр нь ялтан болгох" хуулийн төслөө баталчих юм биш биз гэх хардлага байгаа юм. Тодруулбал, “согтуу жолооч”-ийг ялтан болгох хуулийн төсөл 2015 онд УИХ-д нэг удаа орж ирээд буцаж байсан түүхтэй.

Нөгөө талаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолооны хүрдний ард суусан тохиолдолд автомашин нь асдаггүй байх технологийг нэвтрүүлэхээр АНУ, Австрали зэрэг орнууд ажиллаж байгаа аж. Энэ технологиос ч манай улс хоцрох ёсгүй. Гэтэл эрх баригч МАН нийгмийн сэтгэл зүй цочролд орсон яг энэ цаг үед нийтээр нь “ялтан” болгох ямар ч тооцоо судалгаа хийлгүйгээр, мөн иргэдээс санал авахгүйгээр хуулийн төслийг боловсруулж байна. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө