БАРИМТ: АН-д төлөх ёстой татвар, хураамжийг "хувийн данс"-ндаа авсан хэрэг гарчээ

БАРИМТ: АН-д төлөх ёстой татвар, хураамжийг "хувийн данс"-ндаа авсан хэрэг гарчээ

Өнгөрөгч наймдугаар сар /2023.08.29/-д болсон Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаар АН-ын анхан болон дунд шатны намын хорооны гишүүдийнхээ намдаа төлөх татварын хэмжээг тогтож баталсан аж. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны гишүүн 6 сая төгрөг, Нийслэл, аймгийн намын хорооны гишүүн 1 сая 500 мянган төгрөг, дүүрэг, сумын намын хорооны гишүүн 120 мянган төгрөгийг жилдээ нэг удаа намдаа төлж байхаар тогтжээ. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА АЙМАГ, ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ТАТВАРЫГ ХУВИАСАА, НИЙТЭЭР НЬ ТӨЛСӨН ГЭХ ЯРИА ГАРЧЭЭ-

Ингээд өнгөрөгч есдүгээр сар 15 /2023.09.15/-ны өдрөөр дуусгавар болгон АН-ын Үндэсний бодлогын хорооны 500 орчим гишүүн тус бүр 6 сая төгрөгийн татвараа төлсөн байна. Товчхондоо, энэ татвар, хураамжийн орлогоор төв АН нь 3 тэрбум төгрөгтэй болсон гэсэн үг. Харин өдгөө аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын хорооны гишүүд 500 мянгаас 1,5 сая төгрөгийн татвараа төлж байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн АН-ын хорооны тогтоол гарч, гишүүнийнхээ намдаа төлөх татвар, хураамжийн хэмжээг 2250000 төгрөг байхаар тогтоож, энэ сарын 05 /2023.10.05/-ны дотор хурааж авчээ. Мөн сум, дүүргийн намын хорооны гишүүд нь татвар, хураамжаа өдгөө төлж байгаа аж. 

Гэтэл Багахангай дүүргийн АН-ын хорооны гишүүд намдаа төлөх ёстой татвар, хураамжаа хувь хүний дансанд хураалгажээ. Тодруулбал, “Багахангай дүүргийн намын хорооны тогтоол гарч, тус дүүргийн намын хорооны гишүүд М.Ванданхүү хэмээх иргэнийн дансанд татвар хураамжаа тушаа” гэж үүрэгдсэн байна. Харин энэ дагуу Багахангай дүүргийн АН-ын хорооны зарим гишүүд иргэн М.Ванданхүүгийн хувийн дансанд намын гишүүний татвараа шилжүүлжээ. Хамгийн ноцтой нь, АН-ын төв болон аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороо нь тус бүрдээ харилцах данстай байтал хувь хүний дансанд яагаад татвараа тушаав, энэ нь тус намын нэрийг барьсан залилан юм биш биз гэх хардлагыг гаргаж, шалгуулахаар болоод байгаа аж. 

Харин нөгөө талд тус намын олон гишүүдийн татварыг нэр бүхий улс төрч нийтээр нь хувиасаа төлөх тохиолдол ч гараад байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар нэр бүхий аймаг, дүүргийн намын хорооны гишүүдийн нийт татварыг хувиасаа төлсөн гэх яриа ч тус нам дотор гарчээ. Энэ нь нэг хүн тус намын хороог өөрийн удирдлагадаа авч, УИХ-ын сонгуульд өөрийн хүнээ тус тойрогт нэр дэвшүүлэлт хийхийн эхлэл аж. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө