МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцсэний нэг болох хүүхэд хамгааллын хуулийн бодлогыг чангатгаж, эрх зүйн орчинг сайжруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Нэгдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа одоо 20 жил байгааг 30 жил болгож өөрчлөх, Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд бага насны хүүхдийг алах гэмт хэргийн эсрэг өршөөл үзүүлэхгүй байх, Гуравдугаарт, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг болон 22 дугаар зүйлд заасан авлигын хэрэг үйлдсэн ялтанг ялын хугацаанаас өмнө суллахгүй байх талаар саналыг орууллаа.
Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох, тавдугаарт 1984 оноос хойш эрүүгийн хуулинд мөрдөгдөж буй бага насны хүүхэд гэсэн насны ангилал 14 байсныг өөрчилж, 16 нас болгох саналыг дэвшүүлж байна. Ингэснээр эрүүгийн хуулинд байгаа 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа юм.
Тухайлбал 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноодог байсан бол 12-25 жил болон бүх насаар нь хорих ял, хүчиндсэн гэмт хэрэгтнийг 5-12 жил оногдуулдаг байсныг нэмж 12-25 жилийн хорих ял болон бүх насаар нь хорих ял, бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэрэг 1-5 жил хүртэл хорих ялтай байгааг 2-8 жилийн хугацаатай болгож, тэнсэн харгалзах ялгүй болгох, бэлгийн мөлжлөгийн эсрэг 2-8 жилийн хорих ялтай байгааг 12-20 жил болон бүх насаар нь хорих ял гэх мэтээр бүхэлдээ өөрчлөгдөж байгаа юм" гэлээ.
ҮЗЭХ: