МИАТ: Хар тамхи хэрэглэсэн ажилчдаа ажлаас нь халсан

2019-12-25 13:23

МИАТ: Хар тамхи хэрэглэсэн ажилчдаа ажлаас нь халсан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсаараа дамжуулан МИАТ компанийн онгоцны нисгэгч хар тамхи хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэдээлэл үнэн болохыг тус компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна.  

Тэд энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Онгоцны хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай нь МИАТ-ийн B373 онгоцны хоёрдугаар нисгэгч бөгөөд сар орчмын өмнө Германд дараагийн нислэгээ хүлээж байх хугацаандаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учир МИАТ ажлаас нь халсан" гэв.

Мөн тус хар тамхи хэрэглэсэн этгээдэд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэсэн мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

2019-12-25 10:42

Хар тамхи хэрэглэсэн гэх нисгэгч Д.Булганхангай МИАТ ТӨХК-ийн санхүүжилтээр сурч байжээ

МИАТ ТӨХК-ийн “Боинг 767-300” агаарын хөлгийн хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай ХБНГУ-ын Берлин хотод хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Учир нь өнгөрсөн сард МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд Берлин хотноо болсон хуралд оролцсон байна. Хуралд оролцож байх хугацаандаа таван одтой зочид буудалд байрлаж, архидан согтуурсан гэх мэдээлэл байгаа юм. 

Ингээд тэд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул тэднийг шалгуулахаар цагдаад хандсан ажээ. Улмаар хар тамхи хэрэглэсэн байж болох Д.Булганхангайд тест тавихад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бололтой. 

Энэхүү асуудлаас шалтгаалж Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэг тухайн үедээ саатаж, багагүй төлбөрийн нэмэгдэл гарсан байна. Тус хэрэгт холбогдсон гэх нисгэгч Д.Булганхангайн аав МИАТ-ийн Нислэгийн хэлтсийн дарга, “Боинг 767-300” агаарын хөлгийн даргаар ажилладаг байна. 

Мөн МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тамир 2018 оны эхээр тушаал гаргаж, Д.Булганхангай болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хүү С.Өнөбилэг нарыг “Голланд улсын FSC Group”-ын сургалтын төвийн Б767 агаарын хөлгийн шилжин сургалт, БНСУ-ын Сөүл хотод KAL сургалтын төвд агаарын хөлгийн авран хамгаалах сургалтад хамруулж, тэдний сургалтын төлбөрийг тус компаниас гаргаж байжээ. 

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захира Т.Тамирын тушаал