МАХН: Сонгуулийн тухай хуульд хориг тавихыг хүссэн хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж байна

МАХН: Сонгуулийн тухай хуульд хориг тавихыг хүссэн хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж байна

МАХН-аас УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “МАН, АН өөрсдөдөө илэрхий давуу байдлаар сонгуулийн хуулийг шударга бусаар батлан, төрийн эрх мэдлийг авахыг санаархаж байна. Бид олон санал хүргүүлсэн боловч нэгийг нь ч хүлээж авсангүй. Гадаадад амьдарч байгаа 200 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсон. Жендерийн тэгш бус байдлыг хангасан заалт сонгуулийн хуульд орсон. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон нь МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан зохицуулалт болсныг олон нийт шүүмжилж байна” гэв.

 Тиймээс Ерөнхийлөгчид хүргүүлсэн хүсэлтдээ гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангаж, 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас багагүй байх өөрчлөлт оруулах, авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн бол нэр дэвшүүлэхгүй гэдэг заалтыг өөрчлөх, сонгуулийн зардлыг улсын төсвөөс хариуцан, нам эвсэл тэнцүү хуваарилна гэдэг зарчмыг хуульд тусгахыг хүсжээ.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ асуудалд төрийн тэргүүн үгсэн хуйвалдсан гэсэн дүгнэлтэд хүрнэ гэдгээ хэлэв. Дараа нь тэд ҮХЦ, НҮБ-ын Хүний эрхийн хороонд хандах аж