Монгол Улсын замын хөдөлгөөнийн дүрэмд улсын дугааргүй зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалт бий. Хэрэв улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.11, 14.7.12, 14.7.13 гэсэн заалтуудаар хариуцлага тооцдог. Гэвч сүүлийн үед улсын дугааргүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсэн байна. Энэ нь иргэдэд эрсдэл учруулж, гэмт хэрэг гарсан тохиолдолд мөрдөх явцад саад учруулж байгаа юм.
Иймд бид энэ удаа Тээврийн цагдаагийн албатай хамтарч хэдхэн минут зогсоод улсын дугааргүй хөдөлгөөнд оролцож буй жолоочид хэр их байгаа талаар сурвалжиллаа.
ВИДЕО:
Бид Төв номын сангийн орчимд таван минут л зогсоход улсын дугааргүй гурван автомашиныг Тээврийн цагдаагийн алба хаагчид зогсоосон юм. Тус иргэдийн хэлж буй тайлбар нь "Хүүхэд оролдож байгаа хугалчихсан", "Санаандгүй хаячихсан байна лээ", "Энэ машиныг дөнгөж авах гээд үзээд явж байгаа тул дугааргүй байна" гэхчилэн тайлбарыг хэлж байлаа. Тээврийн цагдаагийн алба хаагчид эдгээр жолооч нарын заримых нь зөрчлийг газар дээр нь арилгуулж, заримыг нь зөрчлийн хуулийн дагуу торгох арга хэмжээ авсан юм. Тэд үнэн учраа хэлж байж болох ч гэмт хэргийн сэдэлтэй улсын дугаараа авсан байгаад худал тайлбар хэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь иргэд хардах эрхтэй.
Ийнхүү бид улсын дугааргүй зам тээврийн хөдөлгөөнд оролцох зөрчил хэр их байгаа, ийм зөрчил илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулсан юм. Тэрбээр, "Замын хөдөлгөөнд оролцохдоо улсын дугааргүй зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.11 дүгээр заалтын дагуу улсын дугаарын үзэгдэх байдал муудсан арилсан тохиолдолд 10 мянган төгрөгөөр торгодог. Энэ төрлийн зөрчил энэ оны эхний найман сарын байдлаар 164500 бүртгэгдсэн. Мөн 14.7.12 буюу улсын дугаараа нуун далдалсан зөрчил гаргасан тохиолдол 8000 гаруй бүртгэгджээ. Үүнд 20 мянган төгрөгийн торгууль ногдууль, аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгодог. 14.7.13-д зааснаар хуурамч улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 557 илэрсэн. Энэ нь 50 мянган төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хасах зохицуулалттай байдаг" гэсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Дээрх тоо баримтаас үзвэл нийслэлд зорчиж буй зургаан автомашин тутмын нэг нь улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг юм. Улсын дугааргүй автомашинаар замын хөдөлгөөнд оролцох нь олон эрсдлийг дагуулдаг.
Тодруулбал, зам тээврийн осол гаргачхаад улсын дугааргүйдээ найдаж зугтах, камерийн торгууль зэргээс зайлсхийх мөн ямарваа нэгэн гэмт хэргийн сэдэлтэй улсын дугаараа зориудаар авсан байхыг ч үгүйсгэхгүй.
Иймд иргэд та бүхэн дугааргүй автомашинаас болгоомжилж, энэ төрлийн зөрчилтэй хувийн таксигаар үйлчлүүлэхгүй байх, мөн таксинд суухдаа таксины улсын дугаарыг ойр дотны хүндээ заавал явуулж, болзошгүй эрсдлээс өөрсдийгөө сэрэмжлээрэй гэсэн үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ. Мөн жолооч нар хэрвээ тээврийн хэрэгслийн улсын дугаараа санамсаргүйгээр хаяж үрэгдүүлсэн тохиолдолд яаралтай авахыг анхааруулж байна.