Утга зохиолын салбарын 2023 оны Нобелийн шагналыг Норвегийн зохиолч Юн Фоссед олголоо.
Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд "Юн Фоссе нь үгээр илэрхийлшгүй зүйлсийг тусгасан шинэлэг жүжиг, зохиол туурвисны төлөө энэхүү шагналыг олгож байна" хэмээн онцолжээ. Зохиолч бүтээлээ Норвегийн уран зохиолын хэлний нэг хэлбэр болох нюнороор бичдэг байна.
Фоссе 1959 онд төрсөн, Берген хотод амьдардаг. Анхны зохиолоо 1983 онд бичсэнээс хойш жүжиг, роман, яруу найргийн түүвэр, хүүхдийн зохиол, эссе зэрэг олон арван бүтээл туурвисан Европын хамгийн алдартай жүжгийн зохиолч юм. Түүний жүжгүүд 800 орчим удаа тайзнаа тавигдсан байдаг.