3X3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ багууд шилдэг 4-т шалгарлаа

3X3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ багууд шилдэг 4-т шалгарлаа

“Ханжөү 2022” Азийн наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эмэгтэй баг өнөөдөр Тайландын шигшээ багтай хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглосон юм.

Өмнөх тойрогт Узбекистаны шигшээг 19:7-гоор хожсон Тайландын багийг манай охидууд 16:13-гаар ялснаар хагас шигшээд шалгарч чадлаа. Тоглолтын эхнээс л дээр доороо орсон тун эгзэгтэй мөчид Ц.Болорцэцэг, Э.Нарангоо нарын дараалсан холын шидэлт амжилттай болсноор багтаа тэргүүллийг авчирсан ч Тайландын баг дараалан хоёр оноо авч, тоог 13:13-аар тэнцүүлсэн юм.

Шийдвэрлэх үед Б.Ариунцэцэгийн дамжуулалтаар Ө.Индра холын шидэлтээ оновчтой болгосноор үлдсэн нэг минутын хугацаанд оноо алдалгүй 16:13-аар хожлоо. Манай баг тус тэмцээний "С" хэсгийг тэргүүлсэн юм. Маргааш Тайван, Энэтхэгийн шигшээ багуудын аль хожсонтой медалийн төлөө өрсөлдөнө.

Харин Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг шөвгийн наймд Ираны багийн эсрэг тоглон 16:15 оноогоор бахдам ялалт байгуулж, хагас шигшээд үлдлээ.

Хасагдах шатанд үлдэх эрхийн төлөөх өрсөлдөөнд Энэтхэгийг хожиж шалгарсан иранчууд 9:13-аар тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч манай залуус оноогоо нөхсөөр цаг дуусахаас 3 секундын өмнө М.Өлзий-Орших сүүлийн оноог авснаар багтаа хожил авчирлаа. Эрэгтэй баг хагас шигшээд Катартай учраа таараад байна.




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө