Боксчин М.Намуун шигшээ наймд шалгарлаа

Боксчин М.Намуун шигшээ наймд шалгарлаа

 Өчигдөр "Ханжөү-2022" XIX Азийн наадмын боксын тэмцээн "HZ Gymnasium" ордонд 6 дахь өдрөө үргэлжилж, энэ өдөр Монголын 2 эмэгтэй тамирчин рингэнд гарч тулалдан хоёулаа өрсөлдөгчдөө ялсан юм.

Тухайн өдрийн сүүлийн тулаанд ОУХМ, өсвөрийн болон залуучуудын дэлхийн аваргын хос хүрэл медальтай Монголын цорын ганц боксчин М.Намуун БНСУ-ын Жин Хе Жонгтой тулалдав. Эхний үеэс Солонгосын тамирчин ихээхэн хүчтэй эсэргүүцэж байсан ч манай боксчин илт давамгайлж, 2 дугаар үеийн дараа гэхэд бүх шүүгч М.Намуунд ялалтыг өгсөн байв. 3-р үед М.Намууны зүүн гарын хажуугийн цохилт маш хүчтэй, оновчтойгоор өрсөлдөгчийнхөө эрүүнд туссанаар рингийн шүүгч нокдаун тоолж тулааныг шууд зогсоолоо.

Ийнхүү  ОУХМ М.Намуун шөвгийн 8-д шалгарч олимпийн эрх, медалийн төлөө дэлхийн аваргын 3 удаагийн медальт Казакстаны боксчин, 27 настай Карина Ибрагимоватай хүч, техникээ сорихоор болов.

Ер нь есдүгээр сарын 29 бол Монголын боксчдод 2 ялалт, Парисын олимпийн анхны эрх авчирсан сайхан өдөр байлаа. Тухайлбал, ОУХМ О.Есүгэн 2014, 2016 оны дэлхийн аварга Назым Кызыбайг 1/4 шигшээд ялж нутаг буцаалаа. 

Энэ талаар Азийн боксын холбооны албан ёсны сайтад “Монголын О.Есүгэн, БНХАУ-ын Ву Ю нар Азийн Наадмаас Парис-2024 олимпийн эрхээ авсан анхны боксчид боллоо. Дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызыбай шөвгийн наймын энэ чухал тулаанд Монголын Есүгэнтэй учраа таарч эхний үед техник, ур чадвараа үзүүлж, шүүгчдийн онооны хуудсанд тэргүүлэв. Монголчууд зоригтой, дайчин бөгөөд шилдэг, оддын эсрэг тулааныг эргүүлж чаддаг гэдэг нь Ханжөү хотод дахин батлагдлаа. Өдгөө 22 настай О.Есүгэн шөвгийн дөрөвт шалгарч, Азийн наадмаас медаль хүртээд зогсохгүй, тивээсээ анхны олимпийн эрх эзэмшигч боллоо.

Монголын М.Намуун бол гайхалтай боксчин бөгөөд тэрбээр энэ жил эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Жин Хе Жонгтой тоглохдоо эхний үеэс л илүүрхсэн бөгөөд гурван минутын дараа таван шүүгч бүгд түүнд ялалтыг өгсөн байв. М.Намуун 2 дугаар үеийн онооны хуудас дээр ялаад зогсохгүй гуравдугаар үед Өмнөд Солонгосын тамирчинг зогсоож чадлаа” гэж мэдээлжээ.

Өнөөдөр Монголын 4 боксчин рингэнд тулалдана. Эмэгтэй 75кг-д Э.Эрдэнэтуяа Тайландтай, эрэгтэй 57кг-д Г.Лундаа Японтой, 71 кг-д Б.Төгөлдөр Туркменистантай, +92кг-д Х.Бекнур Хятадын тамирчинтай тус тус өрсөлдөх юм.  




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө