К.Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хасахыг WADA шаарджээ

К.Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хасахыг WADA шаарджээ

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2023 оны есдүгээр сарын 29 /РИА Новости/. Оросын уран гулгагч Камила Валиевагийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасахыг Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ шаардсаар байна.  

Өчигдөр Спортын арбитрын шүүх /CAS/ Валиеватай холбоотой сэргээшийн хэргийг хэлэлцэх сонсголыг хойшлуулж, 11 дүгээр сарын 9-10-нд дахин явуулахаар шийдвэрлэжээ. Учир нь, шийдвэр гаргахад нэмэлт баримт нотолгоо шаардлагатай болсон байна. Эхний сонсгол Швейцарын Лозанна хотод энэ сарын 26-28-ны өдрүүдэд болсон юм.   

“Бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Валиева гэм буруугүй эсвэл хайхрамгүй байдлаасаа болж ийм асуудалд холбогдсон гэх РУСАДА-гийн сахилгын хорооны дүгнэлт нь Дэлхийн сэргээшийн эсрэг дүрмийн заалтуудад харшилж байна. Бидний зүгээс Валиевагийн тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн хугацаагаар хасах, сэргээшийн шинжилгээ авснаас хойших хугацаан дахь түүний спортын амжилтуудыг хүчингүй болгох, тэдгээрийн дотор 2022 оны Бээжингийн Олимпын уран гулгалтын тэмцээний үзүүлэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн хэвээр байна” гэж WADA-гийн мэдэгдэлд дурджээ.  

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр буюу Оросын аварга шалгаруулах тэмцээний чөлөөт үзүүлбэрийн төрөл явагдаж байх үед Валиевагаас авсан допингийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Харин энэ тухай Бээжингийн Олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээн дууссаны маргааш өдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 8-нд тодорхой болсон байна. Энэ тэмцээнд Оросын баг алтан медаль хүртэж, АНУ-ын баг хоёрдугаар байранд орсон билээ.   

Харин Оросын сэргээшийн эсрэг агентлаг буюу РУСАДА Валиеваг буруугүй гэж үзээд түүнд шийтгэл ногдуулаагүй ба зөвхөн Оросын аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтыг нь хүчингүй болгожээ.

Ингээд WADA уг хэргийг Спортын арбитрын шүүхэд шилжүүлсэн бөгөөд хариуцагч этгээдээр Олон улсын тэшүүрийн холбоо, РУСАДА агентлаг оролцохоор болсон юм. Сэргээшийн дуулиантай холбогдуулан Олон улсын Олимпын хороо арбитрын шүүхийн шийдвэр гарах хүртэл Бээжингийн Олимпын багийн төрөлд медаль хүртсэн тамирчдад шагналыг нь гардуулахгүй байхаар шийдвэрлэжээ.  




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө