Чимэдийн Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй хэд, хэдэн хууль бус шийдвэрүүд гаргасан хэрэгт холбогдоод буй. Түүнийг Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байсан юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байх үед гадаад руу оргон зайлж, зугтаасан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас эрэн сурвалжлаад байршлыг нь тогтоогоод байгаа юм.
Хуулийн байгууллагаас тухайн байгаа улсад нь хандаж баривчлах санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин Ч.Сайханбилэг өөрөө хүсэлт гаргаж 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Монголд ирнэ хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм.
Тиймээс түүнийг интерполоор эрэн сурвалжилж, дахин байгаа байршлыг нь тогтоолгохоор ажиллаж байна.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлэхдээ “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байгаа байршлыг тогтоосон. Арванхоёрдугаар 20-д гаргаад ирнэ гэсэн асуудал яригдсан. Одоогоор бол ирээгүй байна. Хэрвээ ирэхгүй бол бид холбогдох хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээг авна. Хуулийн хувьд албадан эх орондоо авчрах боломж байгаа” гэлээ.