Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг “Чингис хаан” гэж нэрлэнэ

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлыг “Чингис хаан” гэж нэрлэнэ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын нэрийг тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярилцжээ. Улмаар шинэ нисэх буудлыг “Чингис хаан” гэж нэрлэхээр болсон байна.

Улаанбаатар хотод олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар 2008 оноос анх судалгаа хийж, 2013 оноос Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлж байсан. Одоогоор нисэх буудлын үндсэн барилга бэлэн болоод байгаа.

Шинэ нисэх буудлын хувьд олон улсын нислэгийн тав, орон нутгийн нислэгийн нэг хоолойтой. Агаарын 21 хөлгийн зогсоолтой. Нэг бүр нь 2,000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн танктай. Агаарын гурван хөлгийг шатахуунаар зэрэг цэнэглэх боломжтой аж.

Мөн зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн билээ. Энэ систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисэж болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг ажээ.