Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтад оролцохоор Хавана хотын "Хосе Марти" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2023.09.15/ газардлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНКУ-ын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Элчин сайдын яамны дипломат ажилтнууд угтан авсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид БНКУ-ын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсөн юм. Мөн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн хүндэт харуулын өмнүүр алхаж, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр мэндчилгээндээ эртний найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Куба Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс Кубын ард түмэнд сайн сайхныг ерөөлөө.