Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хороо хамтран жил бүр зохион байгуулдаг Үндэсний бөхөд цол, чимэг олгодог "Бүх цэргийн наадам" уламжлалт барилдааныг маргааш /2023.09.16/ Архангай аймагт зохион байгуулахаар болсон байна.
Өмнө нь "Бөхийн өргөө"-нд зохион байгуулдаг байсан тус барилдааныг энэ жил Архангай аймагт хийх гэж байгаа нь УИХ-ын сонгуультай холбоотой аж. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа тул, тэрбээр улс төрийн тойргоо “усалж” ийнхүү "бүх цэргийн наадам" хэмээх бөхийн барилдааныг Архангай аймагт зохион байгуулахаар болжээ.
Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан саяхан /2023.09.06/ мэдээлэл хийж, "Сайд нар жагсаалтын хойно нуугдаж парламентад орох бодлыг агуулж болохгүй. Тэд улс төрийн манлайлагчид байх ёстой. Жагсаалтад дарга нарыг багтаадаг гэх ойлголтыг МАН хална" хэмээн мэдэгдсэн.
Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн танхимын бүх сайд нар 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад суухгүй, тойрогт нэр дэвшинэ гэсэн үг юм.
Иймд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрөгч долдугаар сар /2023.07/-д болсон Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд нэлээдгүй хүч хаяж, цэргийн хүрээ байгуулж наадсан. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Зэвсэгт хүчний 342 дугаар анги”-ийг энэ ондоо багтаан байгуулах гэж байгаа аж. Тэгвэл энэ бүхэн нь Г.Сайханбаяр сайд парламентын гишүүн болохоор Архангайг усалж байгаа ажээ.
Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт МАН-аас нэр дэвшиж парламентад сонгогдсон Ж.Мөнхбат "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон, гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан бол, тус аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг "Хөгжлийн банкны хэрэг"-т холбогдон анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонсоод байгаа юм. Иймээс Архангай аймгийн иргэдийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ганцаараа парламентад төлөөлж байгаа гэж хэлж болно.