Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан тус улсад сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.
Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австралийн Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 1993 оноос хойш манай улсад хэрэгжиж байгаа юм. Тус тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус хөтөлбөрт хамрагджээ. Нийт төгсөгчдийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй бөгөөд одоогоор 50 хувь нь төрийн албанд, 50 хувь нь хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байна.
Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй энэ хөтөлбөрийг өргөжүүлж, энэ жилээс тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэхээр Австралийн талтай тохиролцсоныг Гадаад хэргийн яам мэдээллээ.