ВИДЕО: "Замын цагдаа татварын байцаагч биш" байж хотын менежер М.Баяраагийн хууль бус удирдамжийг биелүүлж, иргэдийн татвар төлөлтийг шалгах болжээ

ВИДЕО: "Замын цагдаа татварын байцаагч биш" байж хотын менежер М.Баяраагийн хууль бус удирдамжийг биелүүлж, иргэдийн татвар төлөлтийг шалгах болжээ

Замын хөдөлгөөнд оролцож буй автомашиныг хуульд заасан ямар үндэслэлээр зогсоож, шалгах ёстойг жолооч та мэдэх үү. Бид энэ үгээрээ “Замын цагдаа бол татварын байцаагч биш” гэдгийг хэлэх гээд байгаа юм. Учир нь сүүлийн үед замын цагдаагийн алба хаагчид жолооч нарыг зогсоож, тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгаж, хэрэв төлөөгүй бол газар дээр нь төлүүлэх, бичиг баримтыг нь хурааж аваад харьяа татварыг хэлтэстээ очиж, татвараа төл хэмээн илт хууль бус шаардлагыг тавьж эхэлжээ.

ВИДЕО: 

Цагдаагийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоохдоо “дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй, бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ачаа тээвэрлэсэн” зэрэг хэдхэн үндэслэлээр автомашиныг зогсоож, жолоочийг шалгах хуулийн зохицуулалттай. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  Гэтэл өнөөдөр Тээврийн цагдаагийн алба хаагчид татварын байцаагчийн ажил хийж, иргэдэд хууль зөрчсөн шаардлага тавьж байж болзошгүй байна.

Энэ талаар зам дагуу автомашин зогсоож, жолоочийг шалгаж буй цагдаагаар тодруулахад, “Бид удирдамжийн дагуу татвараа төлөөгүй жолооч нарын бичиг баримтыг хураах хүртэлх арга хэмжээг авч байгаа. Энэ ажил нь хууль ёсны дагуу явагдаж байгаа гэж бодож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай хэвлэл мэдээллийн албанаас авна уу” гэсэн юм.

Харин албаны эх сурвалжаар мэдээллийг утсаар тодруулахад, “Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газар хамтран зургаадугаар сарын 1-ний өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 25-ийг хүртэл тээврийн хэрэгслийн албан татвар,  зам ашигласны гэхчлэн хэд хэдэн татварыг төлсөн эсэхийг нь шалгаж, төлөөгүй тохиолдолд газар дээр нь төлүүлэх, бичиг баримт хураах хүртэлх арга хэмжээг авч байгаа. Энэхүү удирдамжийг Хотын дарга Д.Сумьяабазарын А96 дугаар захирамжийн биелэлтийг хангахаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа А66 дугаар захирамж гаргаж, ажил хэрэгжиж эхэлсэн” гэв.

Цагдаагийн алба хаагч илт хуульч зөрчсөн үйлдлийг биелүүлэхгүй, үүнийгээ дээд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэйг Цагдаагийн албаны тухай хуулийн 5.5.4-д заагаад өгчихсөн байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа тээврийн цагдаагийн алба хаагчдаар татварын байцаагч хийлгэх илт хууль зөрчсөн удирдамж гаргасан байж болзошгүй байгаа юм. 

Бид энэхүү сурвалжилгаараа иргэдийн татвар төлөх үйл явцад саад болохыг зорьсонгүй, харин төрийн алба хаагчдыг хуулиар олгосон эрх хэмжээнд нь ажиллуулж, тээврийн цагдаагийн алба хаагчдаар татварын байцаагч битгий хийлгээд байгаач гэдгийг М.Баяраа менежерт хэлэхийг зорилоо. Түүнчлэн энэ жилийн нийслэлийн төсвийн 39 тэрбум төгрөгийг автомашины албан татварын орлогоор, харин 100 тэрбум төгрөгийг хүү торгуулийн орлогоор бүрдүүлнэ гэж иргэн таны сонгосон НИТХ-ын төлөөлөгчид баталсан гэдгийг бас энд дуулгая.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө