МАН-ын бүлгийн Удирдах зөвлөл хуралдаж сонгуулийн тогтолцоог эцэслэн шийдвэрлэсэн байна. Удирдах зөвлөлөөс 2008 оны сонгуулийн хувилбараар буюу 26 тойрогт 76 мандаттай хувилбарыг дэмжжээ. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж тус асуудлаар саналаа нэгтгэнэ.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан. Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн.
Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн сургууль баригдаж байна. жижиг тойргийн явцын эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Аймаг, дүүргүүд томсгон нэг тойрог байна. дотроо хэд хэдэн мандаттай. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Том тойргоор явуулахыг Удирдах зөвлөлөөс үүрэг болгосон" гэсэн юм.